Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан сарын шинийн өдрүүдэд хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай тохиолдолд хааж магадгүй гэх мэдээллийг өгсөн билээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн ахмад Ш.Анхтуяагаас зарим зүйлийг  тодрууллаа.

-Цагаан сарын баярын үеэр хөдөө орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөнийг хааж магадгүй гэсэн байгаа. Хэрвээ хаахаар бол халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн аймгууд руу чиглэсэн замыг хаах уу эсвэл бүх аймгуудын замыг хаах уу?

-“Covid-19” халдварт өвчний дэгдэлт буурахгүй байгаа. ДЭМБ-ын бидэнд өгч байгаа мэдээллээр хоёрдугаар сарын сүүл үеэр тус вирусийн дэгдэлт өндөр байна гэх мэдээллийг өгч байгаа. Мөн энэ өвчнөөр өвчилж байгаа иргэдийн ихэнх хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байгаа гэдэг мэдээлэл байгаа.  Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг ард иргэддээ зөвлөж байгаа. Хэрвээ ард иргэд маань мэргэжлийн байгууллагууд, төр засгийн сануулга зөвлөмжийг хүлээж авахгүй өргөн дэлгэр золголт хийж, мөн дээрээс нь “Covid-19”-ийн дэгдэлт буурахгүй улам өсөөд, манай улсад сэжигтэй тохиолдол нэмэгдээд байгаа энэ үед  хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч магадгүй байна. Хэрвээ орон нутгийн замыг хаахаар болбол хэсэгчилж хаахгүй, бүх замуудыг хаана. Ерөнхийдөө сар шинийн өдрүүдэд Улаанбаатараас орон нутаг руу гарах, орон нутгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнүүдийг бүрэн зогсооно гэсэн үг.

-Сар шинийн өдрүүдээр Шилийн богд, Бурхан Халдун уул руу иргэд ихээр явдаг. Эдгээр чиглэлд хэрхэн зохицуулалт хийх вэ?

-Энэ тал дээр аймаг орон нутгийн онцгой комисс шийдвэр гаргаж зохицуулалт хийж болдог. Сүхбаатар аймгийн хувьд Сүхбаатар аймгийн онцгой комисс шийдвэрээ гаргаад Шилийн богд руу явах замын хөдөлгөөнийг хаасан байгаа. Тэгэхээр Шилийн богд чиглэлтэй замын хөдөлгөөн сар шинийн өдрүүдэд нээгдэхгүй.

Мөн сар шинэ дөхөөд ирэхээр Төв аймаг, Хэнтий аймгийн онцгой комисс хуралдаад Асралт хайрхан, Бурхан Халдун уул руу явдаг замыг хаах боломжтой. Одоогийн байдлаар яг хаана гэсэн шийдвэрүүд хараахан гараагүй байна.

-Нийслэл доторх замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Хотын зарим газруудын замуудыг хаах уу?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийх талаар мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна. Магадгүй сар шинийн өдрүүдээр хөл хөдөлгөөн ихсэх төлөвтэй байвал тодорхой хэмжээнд хязгаарлаж болох юм. Ямар ч байсан өвчний эсрэг хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, сэрэмжлүүлэх үүднээс нийслэлээс сарын шинийн өдрүүдэд хотын төв болон гэр хорооллын гудамжаар төрийн байгууллагын албан хаагчид явган эргүүл хийхээр болсон.

-Хотоос орох, гарах замын хөдөлгөөнийг хаавал хэдэн хоногоор хаах вэ?

-Энэ талаар хараахан шийдвэр гараагүй байгаа учир тэднээс тэдний хооронд гэж хэлж мэдэхгүй байна. Ямартай ч замын хөдөлгөөнийг хаахаар болбол сар шинийн өдрүүд болох шинийн нэгнээс шинийн гурван хүртэл хааж магадгүй. Сар шинийн өдрүүдээс  нэг, хоёр хоногийн өмнө хөдөө орон нутгийн замын хөдөлгөөнийг хаахгүй байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.