• 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.  

Засгийн газрын мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.