Засгийн газраас өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах, чанаргүй зээлийн ангилалд бүртгэхгүй байх хугацааг 6 сараар тогтсон. Гэвч шийдвэр гарснаас хойш 5 хоногийн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллага өмнөхөөсөө илүү зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөхийг эрчимтэй шаардаж эхэллээ.

Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахад зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон. Гэвч хөрсөн дээрээ буугаагүй төрийн шийдвэрт иргэд хариулт нэхэж байна.

Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг танилцуулахад “Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэх.

Монгол банкнаас энэ талаар тодруулахад “Засгийн газрын хуралдааны дараах өдөр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад чиглэл өгч шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хэвийн төлөлттэй хүмүүст хамаарахгүй. 

Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай. Бусад нь зээлээ хэвийн төлөөд явна. Ямартай ч чиглэлээ өгсөн. Банкууд шаардлагаа биелүүлэхгүй байна” гэлээ.

Харин энэ талаар Монголын Банкны холбооноос тодруулахад “Өнөөдөр Монголын банкны холбооны Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдана. Шууд хэрэгжих боломжгүй шийдвэр учраас Удирдах зөвлөл хуралдаад нэгдсэн нэг ойлголтод хүрсний дараа мэдээлэл өгнө” гэв.

Энэ бол зээл тэглэлт биш, 90 хоногоор төлбөр төлөлтийг хойшлуулсны улмаас эдийн засгийн хувьд алдаад байх зүйлгүй. Хэрэгжих бүрэн боломжтой гэж зээлдэгч нарыг баярлуулсан үйлдэлд хувийн хэвшлийнхэн төмөр нүүрээ харуулж байна. Төрөөсөө том толгойтой банк болоод банк бус байгууллагуудын энэ үйлдэлд төр арга хэмжээ авч нэгдсэн нэг ойлголтод хүрнэ гэдэгт найдаж байна. Бид энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж https://mass.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.