Зүрхний хилэн киноны манж амбан, 37-р точка киноны Лутаагийн дүрээр та бидний танил болсон жүжигчин Б.Барслхагвагыг “TIME | ЗАЛУУС” буландаа урилаа. Залуу жүжигчдийн дундаас ур чадвар, дүр төрхөөрөө эрхгүй ялгарч яваа түүнтэй цөөн хором хөөрөлдсөн яриагаа уншигч таны өмнө дэлгэж байна.

-“37-р точка” ОАУСК олон уран бүтээлчдийг үзэгчдэд танилцууллаа. Мөн монголчуудыг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “монгол кино” уяж чадлаа. Юун түрүүнд  кино багийнханд баяр хүргэх нь зүйтэй байх.

-Фантастик продакшн, Skytel, SkyGo, Skymedia, Ntv телевиз, Star телевиз, Үнэт продакшн гээд маш олон байгууллага, хүмүүсийн сэтгэл шингэсэн уг кино амжилттай яваад би хувь уран бүтээлчийнхээ хувьд маш их баяртай байгаа. Кино зохиолыг бичсэн А.Баттүшиг ах, найруулсан Б.Тамирдаа баяр хүргэе.

-“37-р точка” кино урлагт тэр дундаа олон ангит кинонд томоохон жишиг тогтоож өглөө гэсэн сэтгэгдэлтэй хэд хэдэн удаа таарлаа…

-Суваг солих тоолонд л гадаадын олон ангит кино л гарч байна. Тиймээс бид монгол хүний оюун бодлоос гарсан, монгол жүжигчид тоглосон, монгол найруулагч найруулсан олон ангит кино хийхийг зорьсон. 

-Долгорын дүрийг бүтээсэн жүжигчин Ж.Амарзаяа таны багш гэж сонссон. Багштайгаа хамт кинонд тоглох ямар байв?

-Багштайгаа хамт кинонд ажиллах сайхан байлаа. Хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг байхад багш хичээл заадаг байсан. Өмнө нь “Параллель ертөнц” кинонд хамт тоглосон. Харин “37-р точка” кинонд бид хоёрын дүр хоорондоо бараг л тааралддаггүй шүү дээ. Шүүх хурал дээр л нэг тааралддаг. 

-Эсрэг дүр хэр сайн байгаагаас шалтгаалж тухайн киноны гол баатрууд үзэгчдэд танигдаж, хайрлагддаг. Таны хувьд ихэвчлэн эсрэг дүр бүтээх юм…

-Хамгийн гол нь энэ найруулагчийн сонголт. Энэ дүр дээр энэ тохирно гэж хамгийн эхлээд найруулагч маань бодно шүү дээ. Бүтээж байсан дүрүүддээ би маш их хайртай. Мэдээж алдаатай оноотой юм зөндөө байгаа. Дараа нь киногоо үзэхээр энэ хэсэг дээр нь ингэдэг байж, тэр хэсэг дээр тэгдэг байж, энэ үгийг ингээд хэлчихгүй дээ гээд өөртөө чамлалтай хандсан үе олон бий. Тиймээс  киноноос кинонд улам туршлагажиж, мэргэжлийн хувьд ахих хэрэгтэй гэж бодож байна.  

69262827_10217490756113041_9158157786008256512_o.jpg

-Та Зүрхний хилэн кинонд мөн эсрэг дүр бүтээсэн шүү дээ. Манж амбаны дүрд тоглохын тулд манж хэл сурсан гэж сонссон…

-Эхлээд манж амбаныг монголоор яриулна гэж байсан юм. МУИС-ийн багш, түүхч Ц.Цэрэндорж ах бидэнд зөвлөсөн л дөө. Манжууд тухайн үед эзний хандлагаар хандаж байсан шүү дээ. Тэгэхээр тэд монгол хэл сурч яах юм. Тийм болохоор манж хэлээр нь яриулсан нь зөв гэсэн. Тэгээд манж хэл рүү зохиолоо хөрвүүлж, бүх үг, өгүүлбэрээ өөртөө суулгасан даа. Хэдийгээр монгол үг маш их байдаг ч тийм амар хэл биш юм билээ. Өгүүлбэр зүйн систем нь монгол хэлтэй ижилхэн болохоор сурахад жаахан дөхөм байсан. 

-Манж амбаны дүрийг найруулагч өөр хүнд өгөх гэж байсан гэсэн. Гэтэл яагаад та бүтээхээр болов? 

-Зохиолын ширээний уншлагын үеэр надад хамгийн их таалагдсан нь манж амбаны дүр. Даанч найруулагч маань манж амбаны дүрийг жүжигчин С.Ариунбямба ахад өгөх гэж байсан л даа. Аз болж зураг авалт эхлэх үед С.Ариунбямба ах завгүй болсон. Тэгээд л найруулагч надад хүсэн хүлээсэн дүрийг минь өгсөн хэрэг. Гэтэл киноны зураг авалтанд явахаас нэг хоногийн өмнө би гараа хугалчихсан. Хугархай гартай ч гэсэн тоглосон доо. 

-Үлгэрлэж явдаг жүжигчнээ нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ?

-Надад хайрлаж, хүндэлж явдаг олон уран бүтээлч ах эгч нар олон бий. Миний үнэнхүү хайрлаж, хүндэлж, суралцаж явдаг хүн бол жүжигчин С.Болд-Эрдэнэ. Мэдээж хэрэг яг энэ хүн шиг болно доо гэсэн бодол бол байдаггүй. Хэн нэгнийг дууриасан, хуулбарласан өнцөг байхаас илүүтэй шинээр өөрийгөө бүтээхийг хүсдэг. 

-Хэдхэн хоногийн өмнө “Буруу өрөг” киног үзсэн юм. Тэндээс бас өөр нэг Барслхагвыг олж харлаа…

-“Nomadia pictures”-ийн бүтээл “Буруу өрөг” уран сайхны кино зохиолын хувьд ч бас нэлээн хүнд, хэцүү хэсгүүдтэй байсан. Мэдээж хэрэг өөрийгөө өөр байлгах гэж, өөр өнцөгөөс ажиллах гэж хичээсэн. Хүндрэлтэй зүйл бол чамгүй их гарсан. Ялангуяа шоронд авахуулсан сценүүд тун хүндрэлтэй байсан. 

92017262_905357166578256_1087953436990767104_n.jpg

-Таны уран бүтээлдээ баримталдаг гол зарчим юу вэ?

-Заавал ажлынхаа ард гарах ёстой гэсэн бодол толгойд байдаг. Эхлүүлсэн бол дуусгах ёстой гэсэн бодол…

-Танай продакшны залуус Сүхбаатар аймаг явж амарчихаад ирэх шиг боллоо. Аялалын сонин сайхан түүхээсээ хуваалцаач?

-Бид Шилийн богд, Алтан овоо Дарьгангийн нутгаар аялаж яваад ирлээ. Сүхбаатар аймагт явж байхад огт танихгүй хүнээс “Ахыгаа алчихаад яаж ичихгүй миний нутгаар зугаалаад яваад байна аа” гэсэн зурвас ирсэн. Кино урлагт хайртай, үнэнч үзэгчдийн маань нэг маазарч байна гэж ойлгосон. (инээв)

-Танай продакшныхан нэгэн үеийн залуус. Таны бодлоор нөхөрлөл гэж юу вэ. Анд, найз хоёр юугаараа ялгаатай юм бэ?

Анд байна гэдэг найзын харилцаанаас илүү дотно зүйл. Зүгээр нэг биесээ таниж, мэддэг байхыг л найзын харилцаа гэх байх. Амьдралынхаа нэгэн хөнжилд унтаж, нэгэн тогооноос хоол идэж явав гэдэг шиг л тийм дотно хүмүүсийг л анд гэдэг байх.

-Таны уран бүтээлийг үзээд хамгийн ихээр шүүмжилдэг, урмын үг хэлдэг хүн хэн бэ?

-Продакшны маань найзууд л байна даа. Хүн бүрээс л суралцах зүйл бий. Тиймдээ ч бие биенээсээ суралцаж, хамгийн үнэнч зөвлөгч нь байж чаддаг даа.

-Гэр бүлийн тань хүн ч бас хамгийн сайн зөвлөгч байх…

-Мэдээж тэгэлгүй яахав. Зураг авалтанд хөдөө хээр хэдэн сараар яваад эзгүй үед  амьдралаа авч явдаг, ажлыг минь хүндэтгэдэг, ойлгодог ийм сайн ханьтай учирсандаа бурханд талархаж явдаг даа. Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг ёстой сайн хүнтэй учирсан даа би. 

-Цар тахлын үед хүмүүс шинэ сонирхолтой болж, уншихыг хүссэн номоо уншиж, өөрийгөө хөгжүүлж байна. Таны хувьд өдрийг юу хийж өнгөрүүлж байна даа?

-Ном л их уншиж байна даа. Миний хувьд япон анимейшны дүр, моделууд цуглуулдаг. Маш сонирхолтой. Цуглуулгаа хоёр хүүгээсээ нуух гэж бөөн юм болно шүү дээ. Нөгөө хоёр маань тоглоом гэж ойлгоод авч тоглох гээд хэцүү. Урьд нь баяр ёслолоор дандаа л гэртээ байж амждаггүй байсан. Энэ жилийн хувьд хөл хорио тогтоочихсон болохоор гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан байна. 

-Цар тахлын үед гэр бүл болон өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ? 

-Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг л аль болох баримлахыг хичээж байгаа. Онц шаардлагагүй бол аль болох гэрээсээ гарахгүй байхыг хичээж байна. Нэг удаагийн бээлий хэрэглэдэг боллоо. Гараа угааж, амны хаалтаа заавал зүүж байгаа.

-Хөл хорионоос болоод уран бүтээлийн ажил завсардаж байна уу? 

-Сая гуравдугаар сард манай продакшн жүжиг тавих гэж байсан юм. Даанч хөл хорионоос болоод хойшлуулсан. Мөн “37-р точка” киноны төгсгөлийн ангийг кино театруудаар гаргах гэж байсан. Хөл хорионоос болоод энэ маань ч боломжгүй болсон. Тэгээд бид онлайн нээлтийг монголд анх удаагаа зохион байгууллаа.

Time.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.