Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгаас ачааны нормоо мөрдөж хөдөлгөөнд оролцохыг том тэрэгний жолооч нарт анхааруулж байна.  

Тус албанаас хот хоорондын замд ачаа хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож байгаа автомашины даацыг пүүлэх ажлыг энэ сарын нэгнээс нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Цаг агаар дулаарч авто замын хучилтын хийц гэсэж, суулт өгдөг үе үргэлжилдэг тул авто замын ашиглалт хамгаалалтад хяналт тавих зайлшгүй шаардлага гардаг аж. 

Хэнтий аймгаар мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуух Хэнтий-Дорнод-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Мөн Хэрлэнгийн гүүрээр Дорнод Сүхбаатар аймаг руу явах том тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг бөгөөд эдгээр машинууд даац хэтрүүлснээс болж, гүүрний тулгуур баганууд муудах, замын эвдрэл гэмтэл ихээр гарах эрсдэл үүсч эхэлжээ. Түүнчлэн даац хэтрүүлснээс том тэрэг замдаа эвдрэх, ачаа нурах зэрэг асуудлууд түгээмэл гарч байгаа учир ийнхүү хяналтыг тавьж ажиллаж байгаа гэнэ.

Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э. Будсүрэн хэлэхдээ, Хэнтий аймгийн Бэрх, Бор-Өндөр сумаас жонш ачсан машинууд ихэвчлэн даац хэтрүүлж байна. Учир нь машинд жонш ачихдаа нүдэн баримжаагаар буюу пүү хэрэглэлгүй ачдаг тул ийнхүү хэтрүүлдэг. Мөн Дорнод Сүхбаатар аймаг руу барилгын болон хадлангийн ачаа тээвэр их явдаг учир норм, ачаа тээврийн стандартыг мөрдөж явахыг жолооч нарт анхааруулж байна гэлээ.

Батлагдсан журмаар зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 44, таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн ачаа ачих ёстой аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.