Банкны салбарын хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.7 хувийг эзэлж байгаа бол чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь болж өсжээ. Ингэснээр нийт зээлийн 17.4 хувь нь муу ангилалд багтав. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан.

Коронавирусний дэгдэлт тэлж, эдийн засгийн нөхцөлийг богино хугацаанд өөрчилж байгаа энэ үед бизнесийн үйл ажиллагааг хумигдсанаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөө үзүүлж эхэлсэн. Цар тахлаас үүдэлтэй энэ хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн дээрх арга хэмжээг авч байгаа юм. Хэрэглээний зээл гэдэг нь иргэдийн арилжааны банкнаас авсан бүх зээлийг хэлдэг. Цалин, тэтгэвэр зэрэг бүхий л төрлийн зээлтэй иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаснаар зээлийнхээ эргэн төлөлтийг 12 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжтой аж. Мөн Монголбанк, Сангийн яам, “Монголын ипотекийн корпорац” компанитай хамтран Ковид-19 цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулахаар болсон. Үүнд, орон сууцны ипотекийн тав болон найман хүүтэй зээл ав­сан иргэдийг хамруулах юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан  иргэдийн зүгээс манай редакцад маш олон асуулт ирүүлж байгаа. Тиймээс Монголбанкны мэргэжилтнүүдийн өгсөн албан ёсны зөвлөмжийг хүргэж байна. Орон сууцны зээлийн төлөлтөө хойшлуулахаар банканд хандахаасаа өмнө доорх асуултын хариултуудтай танилцаад аваарай.  

 -Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?

-Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн гурав хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.

-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

-Зээлийн төлбөрт нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.

-Зээлдэгч хэдэн удаа төл­бөрөө хойшлуулж болох вэ?

-Зээлдэгч зөвхөн нэг удаа гурав хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.

-Зээлийн төлбөрийг хойш­­луулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкандаа 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.

-Зээлийн төлбөрийг хойш­луулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуу­лалтуудыг мөрдүүлэх үү?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хяз­гаар зэрэг Монголбанк, Сан­гийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг гурван сар хойш­луулсны дараа дөрөв дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

-Зээлийн төлбөрийг хойш­луулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү. Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа гурван сараар сунгагдаж, 2030 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дуусна.

-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбог­дуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

-МИК компаниас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.

Дашрамд дурдахад, УИХ-аас Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ батлахаар ажиллаж бай­гаа. Уг тогтоолд ипотекийн  санхүүжилтийг дэмжих асуудал яригдаж эхэлсэн. Ингэхдээ төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.