Шатахууны үнэ нэмэгдэхэд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон таксины үнэ дагаад нэмэгддэг. Тэгвэл шатахууны үнэ 300 төгрөгөөр буураад байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан, эсэхийг иргэдээс тодрууллаа. 

ИРГЭД: АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ БУУРААГҮЙ

Иргэн Б.Саруул: -Шатахуун 20 төгрөгөөр нэмэгдэхэд нэг ч хонолгүй  хүнсний бүтээгдэхүүний үнэ 500-2000 төгрөгөөр нэмэгддэг. Тэгсэн атлаа шатахууны үнэ буурахад нэг ч барааны үнэ буураагүй байна. Бүх л зах, худалдааны төвөөр явлаа. Харин ч зарим бүтээгдэхүүний үнээ нэмжээ. Үхрийн ястай мах л гэхэд 11500 төгрөг болж. Бүр л нэмэгдээд байх юм. 

Иргэн Д.Нарангарав: -Шинэ төрлийн коронавирусийн тархалт нэмэгдээд оргил үедээ ирчихсэн байна. Бүх л хүний амьдрал ахуй, санхүүд тодорхой хэмжээнд өөрчлөлт орж, доройтсон. Миний амьдралд ч ялгаагүй нөлөөлж байна. Шатахууны үнийг бууруулсан нь сайшаалтай. Гэхдээ  шатахууны өртөг нэмэгдэхэд дагаад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг шиг буурахад нь адилхан бууруулж болдоггүй юм бэ. Энэ асуудлыг төр засаг шийдэж өгөөсэй. Импортын бараа, бүтээгдэхүүний үнэ хямдардаггүй юм аа гэхэд өчнөөн сая малтай байж махныхаа үнийг бууруулж болдоггүй юм байх даа.

Иргэн Х. Бямбадорж:: -Би хувиараа таксинд явдаг. Уг нь шатахууны үнэ буурсан энэ үед километрийн үнийг бууруулмаар л байна. Гэвч шатахууны үнэ буурсан нэртэй хэрнээ муу шатахуун шахаад байна. Өмнө нь 20 мянган төгрөгт шатахуун хийхэд 100 километр гаруй явчихдаг байсан юм. Шатахууны үнэ буусны дараа шатахуун овоо шахагдчихна, 100 километр гаруй явах нь гэж бодтол үнэндээ тийм байсангүй. Яг л урьдын адил, бараг тэрнээс ч бага яваад, шар гэрэл асчих юм. Ингэхээр яаж үнээ бууруулах вэ дээ. Миний таньдаг, таксинд явдаг хүмүүс ч гэсэн ийм бодолтой байна лээ.

ХУДАЛДАГЧИД: ЧЕНЖҮҮД БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮНИЙГ БУУРУУЛАХГҮЙ БОЛ БИД БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ

“Хүчит шонхор” болон “Нарантуул-2” худалдааны төвийн зарим лангууны худалдагч нараас шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ буурсан, эсэх талаар тодрууллаа. 

“Нарантуул-2” захын хүнсний ногооны худалдагч Б. Нармандах: -Би “Барс” захын ченж нараас ногоогоо авдаг. Нэг кг төмсийг 800, лууванг 1400, манжинг 3200, монгол сонгиныг 4500 төгрөгөөр тус тус авдаг. Ингэж аваад 100-1000 төгрөг нэмж зардаг. Ашиг олж, түрээс төлөхийн тулд бүгд л энэ жишгээр худалддаг. “Шатахууны үнэ буурчихлаа, багахан ч болов хямдруулахгүй юм уу” гэж асуусан. Гэтэл “Одоо хүнсний ногоо ховордсон, цаашдаа ч үнэ нэмэгдэх байх. Шатахууны үнэ буурсан ч хүнсний ногоог ямар шатахуунаар бордох биш, бидэнд хамаагүй” гэсэн. Ченжүүд үнээ бууруулахгүй бол бид буурууллаа гээд юугаараа түрээс төлж, хоолтойгоо залгах вэ.

“Хүчит шонхор” захын гурил, будааны худалдагч Э.Бямбагэрэл: 
-Өнөөдөр л гэхэд худалдан авагч нар “Шатахууны үнэ буурчихаад байхад яагаад гурил, будааны үнээ хямдруулдаггүй юм. Нэмэхээр нь дагаад үнээ нэмчихдэг байж” гээд загнаж гарсан. Үнэндээ бидэнд үнэ нэмж, хаслаа гээд ашиг нь яг л адилхан байдаг. Жишээ нь “Улаанбаатар гурил” компаниас дээд гурил нэг кг-ыг нь 1100 төгрөгөөр аваад, 100 төгрөг нэмж зардаг. Тэднийх нэмэхэд, бид нэмсэн үнэ дээр 100 төгрөг нэмээд л зарна. Ингэхээр ямар ч ялгаагүй байгаа биз. Ийм байхад иргэд биднийг хямд авчихаад учир зүггүй хоёр нугалж, өндөр үнээр зараад байгаа юм шиг боддог. Дотоодын үйлдвэрүүд нь коронавирусийн үед хөнгөлөлт үзүүлэхгүй юм бол бид үнээ бууруулах боломжгүй.

“Нарантуул-2” захын махны худалдагч: -Шатахууны үнэ буурлаа л гэсэн. Махны үнэ өсөөд л байна. Би бууруулъя гээд буурчихдаг юм биш шүү дээ. Мах нийлүүлэгч ченж нар нь үнээ хямдруулахгүй бол бид яаж бууруулах юм. Уг нь мах нийлүүлдэг ченжүүдээс “Шатахууны үнэ буурсан болохоор бага ч болов хямдруулахгүй юу” гэж асуусан. Гэтэл “Бидэнд нөлөө алга, урсгал зардал гэж юм бий” гэснээс өөр юм хэлээгүй. Чаддаг сан бол би махны үнийг бууруулмаар л байна. 

ШӨХТГ: Мэдээлэл өгөх хүн алга

ШӨХТГ үүнд хяналт тавьдаг байгууллага. Иймд энэ талаар тодруулахаар тус газрын даргын туслахтай холбогдоход “Бид яг энэ асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Хариуцсан мэргэжилтнүүд нь одоогоор шалгалттай байгаа тул мэдээлэл өгөх хүн алга. Хяналт, шалгалт дуусахаар энэ талаарх мэдээлэл өгнө” гэлээ. Түүнчлэн ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргатай утасаар холбогдсон боловч “Би энэ талаар мэдээлэл өгөх хүн нь биш” гэсэн хариулт өглөө.

А.ДӨЛГӨӨН, NPost.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.