Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. Хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор 2018 онд байгуулсан ажлын хэсгийнхэн тус хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулсан байна. Энэхүү хуулийн төсөл нь зургаан бүлэг 80 зүйлтэй болсныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээллээ. Тэрээр хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтуудыг танилцуулав.

Нэгдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж тодорхой болгожээ. Ингэснээр, өмнөх хуульд байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийн давхцал арилгаж, цэгцтэй зохион байгуулалтыг бий болгох аж.

Хоёрдугаарт, орон нутгийн ИТХ улс төрөөс ангид болно. Ингэхдээ сумын ИТХ-д улс төрийн намаас нэр дэвшихгүй байх зохицуулалт оруулжээ. Үүнээс гадна орон нутгийн ИТХ-ыг хариуцлагатай болгох үүднээс тараах, эсхүл төлөөлөгчийг эргүүлэн татах хийгээд ИТХ-д намын бүлэг байгуулахыг хориглосон байна.

Гуравдугаарт, Засаг дарга нь төрийн төлөөлөгч тул түүнийг сонгоход өмнө нь байсан процедурыг хялбарчлах, нэгдмэл улсын хувьд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдаас аль болох хамааралтай байхаар чиглэгдсэн гэдгийг нэмж тэмдэглэв.

Дөрөвдүгээрт, орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт оруулжээ. Тодруулбал, албан татваруудын тодорхой хувь нь сумд төвлөрөх нөхцөл бүрдүүлэх нь.

Тавдугаарт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хот, тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээг шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан байна.

Уг хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 Eaglenews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.