Португалийн DED Боловсролын зөвлөх компанийн шинжээч Б.Болорчимэгийг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хүүхдүүдийн хичээл орж байх үед 6:40 цаг гэж босоод гэрийнхэндээ хөнгөн зууш бэлддэг байсан. Харин хол хорио тогтоосноос хойш яаралтай ажилгүй үед 8:00-9:00 цагийн үед босдог болсон. Ихэнхдээ өглөө эрт компьютероо асаагаад шууд л ажлаа хийж эхэлдэг. 

Нөхөр маань харин эртэч тул яаралтай ажилтай үед өглөөний хоол, цай бэлдээд өрөөнд авчирдаг. Хүүхэд байхад аав маань заримдаа эрхлүүлж орноосоо босож амжаагүй байхад өглөөний цай авчирч өгдөг байсан үе санагдаж аав, ээждээ эрхэлж буй жаахан хүүхэд шиг л баярлаад явчихдаг.  

Нөхөр Н.Ганибалын хамт

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Ихэвчлэн гүйцэтгэх ажлуулаа урьдчилан сайтар төлөвлөдөг. Тиймээс нарийн төлөвлөгөөний дагуу ажилладаг ч хийж байгаа ажлаасаа өнөөдөр шинээр ямар зүйл сурах бол гэсэн өөдрөг хүлээлтээр өглөөг эхлүүлдэг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

ЮНЕСКО-оос жил бүр тодорхой сэдвийн хүрээнд “Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайлан”-г боловсруулан гаргадаг. Энэ тайланг 2015 оноос өмнө буюу Мянганы Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлж байх үед “Бүх нийтийн боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайлан” нэртэйгээр гаргадаг байсан. 

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг батлан, хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр дахь удаагийн буюу 2020 оны “Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайлан” нь “Inclusion and Education: All means all” буюу “Тэгш хамралт ба боловсрол: Бүх нийт бол бүх нийт л байх ёстой” гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэгдээд удахгүй дэлхий нийтэд танилцуулах гэж байна. 

ЮНЕСКО-ийн хүсэлтээр тус тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн ЮНЕСКО-ийн Үндэсний Комисст 2 хоногийн өмнө хүргүүлээ. Тайлангийн нэг хэсэг болох графикуудыг өнөөдөр орчуулж дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн тайлангаар дэлхий нийтэд 258 сая орчим хүүхэд чанартай боловсролын үйлчилгээний гадна үлдээд буй. 

Иймд бүх улс орныг “нийгмийн гарал үүсэл эсвэл чадвар, ялгаатай байдлаас үл хамааран бүхий л суралцагчдыг бүрэн хамруулах тэгш боловсролын талаарх ойлголт, мэдлэгийн хүрээгээ өргөтгөх, хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн чадвартай төдийгүй хүндлэгдэх эрхтэй гэдэгт итгэл дүүрэн байх, ялгаатай байдлыг бэрхшээл биш хамгийн чухал зүйл хэмээн үзэх”-ийг уриалсан. 

Энэ уриалга манай улсад нэн хамааралтай. Тус тайланд боловсролын салбарын өнөөгийн “ердийн сургуулиуд” болон “тусгай сургуулиуд” гэсэн зэрэгцсэн хоёр тогтолцоог тэгш хамруулсан боловсролын нэг л тогтолцоо болгон өөрчлөх нь чухал хэмээн тусгасныг бас онцолмоор байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Миний хийж буй зүйл бусдад нэн хэрэгтэй тул би гагцхүү чанартай “бүтээгдэхүүн” гаргах ёстой.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Сурагч болон оюутан байхад нэг даалгавраас нөгөө даалгавар гээд их л завгүй үе шиг санагддаг байсан ч одоо бодохоор “хамгийн завтай үе” байжээ. Учир нь тухайн үед бидний хүлээсэн ганц чухал үүрэг бол суралцах. Түүний дараа бидний гүйцэтгэх үүрэг улам л нэмэгдэнэ. Гэр бүлдээ, нийгэмдээ хүлээх үүрэг гээд л хязгааргүй их. 

Тиймээс “сурч мэдэх” гэсэн цорын ганц “тэргүүлэх үүрэг”-тэй байгаа дээрээ хором бүрийг сурч мэдэхэд зориулаарай. Ялангуяа урт хугацаанд үргэлжилж буй энэ хөл хорионы үеийг үр дүнтэй ашиглахын тулд онлайнаар гадаад хэл сурах, монгол бичгээ сайжруулах эсвэл төгөлдөр хуур сурах гээд л бидний үед байдаггүй байсан боломж бүхэн та бүхний өмнө бүрэн нээлттэй байгаа шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.