Дэлхий нийтийг хамарсан Коронавирус /СОVID-19/ халдвар тархахаас урьдчилан сэргийлж хорио цээрийн дэглэмтэй байгаа үед 2020 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг улсын болон аймгийн Онцгой комиссын гаргасан журмыг баримтлан Сүхбаатар аймгийн залуус тогтоосон хуваарийн дагуу эмчийн үзлэгт хамрагдаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн үзлэгээр орох залуусыг гэр бүлийн болон ойр дотнын хүмүүсээ авчирч бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулсан учир цэрэг татлагын товчоо эмх цэгцтэй, зохион байгуулагчдын нарийн хяналтад доор явагдаж байна.

Цэрэг татлагын комисс сумдад ажиллаад ирсэн. Залуусын дунд мэс заслын болон ясны гэмтэл, хугарал, сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ энэ нь зөвхөн энэ удаагийн үзлэгт орж байгаа залуусын дунд байгаа зүйл. Ерөнхийд нь авч үзвэл урьд жилүүдтэй харьцуулахад цэргийн насны залуусын өвчлөл бага, эрүүл мэндийн байдал сайн байна гэдгийг Цэрэг татлагын товчооны ерөнхий эмч, дэд хурандаа Л.Лувсандорж хэллээ.

Цэрэг татах ажил нь онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явагдаж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдийг нэг дор олноор бөөгнөрөх явдал үүсгэхгүй байхад анхаарч байна. Тодруулбал, сумдыг тусгай цагийн хуваарийн дагуу үзлэгт хамруулж, мөн эцэг эхчүүдийг ирэхийг хоригложээ. Үүнд аймгийн Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр ээлжид тус аймгийн долоон сумаас цэрэг татаж байгаа. Эхний шатны үзлэг сум сумандаа тусгай зөвлөмжийн дагуу зохион байгуулагдсан юм.

Сүхбаатар аймгийн Цэрэг татлагын товчоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.