МАН-ын дарга У.Хүрэлсүх мандат хуваарилалт дээр эмэгтэй 16 квотыг хаана, хэрхэн шингээх нь жинхэнэ шүдний өвчин болж байгаа гэх. Түүний баримталж буй гол зарчим нь нэг тойрогт хоёр эмэгтэйд мандат өгөхгүй байх явдал. Ингэж байж, ялагдах өндөр эрсдэлтэй тойргуудаа задална гэж тооцож буй аж. Тэгэхээр нийт 29 тойргийн 16-д нь эмэгтэй нэр дэвшигч хүссэн ч эс хүссэн ч өрсөлдөнө гэсэн үг. Харин тэднийг зориуд сайн өрсөлдөгчдөд “хаяж өгч” туг тахих уу, яг шударга зарчмаар мандат хуваарилах уу гэдэг нь тодорхойгүй байна.

Ингээд МАН-ын 16 эмэгтэй квотод өрсөлдөхөөр яригдаж буй горилогчдын талаарх ерөнхий прогнозыг танилцуулъя.

               НАЙДВАРТАЙ АНГИЛАЛ: Б.САРАНГЭРЭЛ, Ц.ЦОГЗОЛМАА НАР МАНДАТАА АСУУДАЛГҮЙ АВНА

Эмэгтэй гишүүдээс УИХ-д нэр дэвших эрхээ толгой өвдөх юмгүй авч байгаа цорын ганц гишүүн бол Б.Сарангэрэл сайд. Тэрбээр НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар ч тэр, өнөөгийн нэр хүндийн хувьд ч тэр мандатаа шууд авахаар байгаа билээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнх нь танхимыг унагах кноп дарчихаад, дараа нь шуудхан ажлаа өгчихсөн Ц.Цогзолмааг Ховд аймагт нэр дэвших зөвшөөрлийг нь өгчихөөд буй.  Ц.Цогзолмаа гишүүн Н.Батнасан, С.Бямбацогт нартай Ховдод хүч үзэх юм.

Үндсэндээ МАН-ын мандатаа найдвартай авсан эмэгтэй гишүүдийн тоо энэ хүрээд өндөрлөж байна. Үүн дээр Б.Саранчимэг гишүүн нэмэгдэж болох ч яг У.Хүрэлсүх сүүлийн үед дуудан уулзаж, “ОК” гэсэн эсэх нь тодорхойгүй байна.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ АНГИЛАЛ: Д.ОЮУНХОРОЛ, М.БИЛЭГТ, М.ОЮУНЧИМЭГ, Н.АМАРЗАЯА, Г.МӨНХЦЭЦЭГ

Одоогоор орон нутагт хамгийн сайн танигдсан М.Билэгт, хотоос Д.Оюунхорол, М.Оюунчимэг нартай Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаагүй, хүлээлтийн байдалд байна. Д.Оюунхорол гишүүн Завхан руу нэр дэвших сонирхолтой байгаа ч намтайгаа зөвшилцөлд хүрээгүй бол М.Билэгтийг УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдлээс хамаарч, дэвшүүлэх эсэх дээр шийдвэр гаргаагүй гэх мэдээлэл бий.

М.Оюунчимэг гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд нэр орооцолдсон, түүнээсээ эмээж Т.Аюурсайханд тал засч яваа гэх утгаар намынхан нь асар дургүй. Чингэлтэйн МАН-ын хороо нэлээд хөдөлсөн ч М.Оюунчимэг тойргоос гарах магадлал нь өндөр биш гэгдэж байна.

Яг У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг шийдэх мөчид М.Энхболдын талаас гэнэт урваж, БНСУ руу нисч одсон, Ж.Ганбаатар гишүүний Энкантод байр үнэгүй шахам авсан гэгддэг Г.Мөнхцэцэг гишүүн Дорноговь аймгийн тойргоос жийгдэх нь тодорхой болсон. Тэр Говьсүмбэрийг Дундговьтой нэгтгэх замаар С.Батболдтой хамт нэр дэвшинэ гэгдэж буй ч намын дарга нь уг асуудлаар ОК гэж дууграагүй байна. Дэвшээд гарахгүй ч квот бөглөх зорилгоор мандат өгөх гишүүдийн тоонд хөшигний ард нэрлэгдэж буй.

Н.Амарзаяа гишүүний тухайд мандатаа хадгалж үлдэнэ гэсэн таамаг зонхилж буй. Учир нь Л.Энхболд гишүүнийг ЖДҮХС-гийн зээлээс үүдэж, нэр дэвшилтээс хасч, Н.Амарзаяаг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай хамт дэвшүүлэх хувилбар яригдаж байна. Н.Амарзаяа гишүүнийг Тосонбумын нурууны асуудал дээр Б.Чойжилсүрэнгээс байр авч “найрагдсан” гэж сонгогчид нь үздэг ч нам дотроо ажил хэрэгч, “айхтар” дүрээр нэрлэгддэг билээ.

ХАСАГДАЖ МЭДЭХ АНГИЛАЛ: Б.УНДАРМАА, А.УНДРАА, Ц.ГАРАМЖАВ

Нэр дэвших мандатаас хасагдаж мэдэх ангиллын тэргүүн эгнээнд Б.Ундармаа гишүүннэрлэгдэж буй. Тэрбээр Капитал банкны асуудлаас үүдэж, хууль шүүхийн олон асуудалтай байгаа. Дээрээс нь ЖДҮХС-гийн зээлийн асуудалд ч холбогдсон.

Харин А.Ундраа гишүүний тухайд “Тойрогтоо ажиллаагүй” гэх шалтгаанаар Ж.Ганбаатар хамт дэвшихээс татгалзсан гэгдэж буй. М.Энхболдтой ойрын харилцаатай гэдэг утгаар нь У.Хүрэлсүхээс мандат авахгүй гишүүдийн тоонд түүнийг оруулдаг. Мөнхүү эсрэг талаасаа нэлээд чанга өрсөлдөгчтэй тойрогт түүнийг дэвшүүлнэ гэх таамаг ч яригдаж байна.

Ц.Гарамжав гишүүний тухайд Булган аймагт нэр дэвших саналаас татгалзсан. СХД-т дан эрэгтэй гишүүд өрсөлдөх лобби эхлүүлсэн тул мандат олдохгүй байж мэдэх өндөр эрсдэл байгаа юм. Түүнийг нэр дэвшихгүйгээр сайдын суудал нэхсэн гэх яриа ч хөшигний ард явж буй.

ӨРСӨЛДӨӨН: СЭЛЭНГЭ АЙМАГТ Н.ОЮУНДАРЬ, Ч.УНДРАМ, Н.ӨНӨРБОЛОР НАРЫН АЛЬ НЭГ НЬ МАНДАТ АВНА

Дээрх ангиллуудад багтаагүй гишүүн бол Н.Оюундарь. Сэлэнгэ аймгаасаа дахин нэр дэвших өндөр амбицтай хэдий ч түүнтэй зэрэгцэж, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар өрсөлдөхөөр “улайрч”буй.

Өөрийгөө том эвент, арга хэмжээ зохион байгуулахдаа “мундаг” гэж тодорхойлсон Ч.Ундрамын хувьд хөшигний ард мөнгөтэй, лобби сайтай учир нэр дэвшинэ гэгдэж байна. Тэр сүүлийн саруудад төлбөртэй контент бүрээр гарч, өөрийгөө рекламдсаар байгаа нь анхаарал татдаг. Харин Ч.Өнөрболорын хувьд сошиал медиа чиглэлд маш их мөнгө хаяж, эртнээс Сэлэнгэ аймгийг усалсан нэгэн.

Гэвч Н.Оюундарь гишүүн парламентын танхимаас Ч.Ундрам, Б.Өнөрболор нарт зүгээр сууж байгаад мандатаа алдчих хүн биш. Боломжит бүх аргаа хэрэглэх нь ч тодорхой билээ.

ТАНХИМЫН ГАДНААС: Х.БУЛГАНТУЯА, Б.БАЯРСАЙХАН, С.ДАВААСҮРЭН, Н.ОЮУНГЭРЭЛ НАРЫН ГОРИЛОГЧИД БАЙНА

Парламентын танхимын гаднаас УИХ-д нэр дэвших нь тодорхой болсон хүн бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа. МАН-д байдаг цөөн хэдэн боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаараа тэр ямагт шигтгээ болдог. Петровисын Б.Оюунгэрэлийн хүн гэх тодотголтой ч тэр залуусын суралцах, хөгжих боломж, эдийн засгаа тэлэх бодлогыг маш нухацтай, ул суурьтай ярьдаг. Асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг, парламентад байх ёстой эмэгтэй дүр билээ.

Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн асан Б.Баярсайханы хувьд нам дотроо “хэл амтай” гэдгээрээ алдартай. Хоёр сайдыг жинхэнэ утгаар нь хашраасан тэрбээр энэ удаа УИХ-д нэр дэвшихээр сэтгэл шулуудсан гэгдэж буй. Намын дарга нь мандат өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн мөн нэр дэвшихээр яригдаж буй. Ажлаас гардаг өдрөө хэвлэлийн хурал хийнэ гэж зарлаад, өөрийн бичлэг файл өгч тараадаг, амбиц, ад хоёр нь дийлддэггүй тус эмэгтэйд яг мандат олдох эсэхийг одоогоор таахад бэрх.

Хамгийн сүүлд маш товчхоноор бичих хүн бол МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл.Сэтгүүлзүйн салбарт ажиллаж явсан тэрбээр МЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон гол зорилго нь УИХ-д нэр дэвших мандат олж авах явдал байв. Тэр намынхантай үзэлцэж байж, Бага хурлын гишүүн болсон. Мандат шүүрч чадах нь тодорхойгүй байна.

ДҮГНЭЛТ: Улстөрд эзлэх эмэгтэйчүүдийн орон зай илүү тодоор үгүйлэгдсээр байгаа нь үнэн. Тэдний манлайлал өндөр байж, өнөөдрийн гэр бүл, хүүхдийн асуудлууд илүү цэгцэрч, боловсрол, эрүүл мэндийн салбарт нарийн чимхлүүр шийдлүүд гарах юм.

Гэвч парламентад орж ирсэн завшаанаа гадны томилолт авч брэндийн дэлгүүр хэсэх, төрсөн өдрөө хурим найр шиг тэмдэглэж сагсуурах, ганц хуулийн төсөл бүтэн уншихгүй байж хэдэн цагаар өрөөндөө хов базах ажилтай эндүүрч болохгүй, эмэгтэй гишүүд. Нийтийн эрх ашгийг хамгаалсан шиг хамгаалдаг, боловсролтой, цэгц, шударга эмэгтэйчүүдийн манлайлал л бидэнд хэрэгтэй байна.


МАН-ын мандат хуваарилалтын талаарх өмнөх прогнозууд:

У.Хүрэлсүхийн мандат хуваарилалтад М.Энхболдын талаас хэн, хэн жийгдэх ЭРСДЭЛТЭЙ ВЭ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

У.Хүрэлсүхийн талаас мандатгүй “СУГАРЧ” үлдэх эрсдэлтэй гишүүдэд хэн, хэн багтах вэ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

eguur.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SUKHBAATAR.net хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 91794949 утсаар хүлээн авна.