Сүхбаатар аймагт нэгэн үе тэмээ ховордож, цөөрсөн тоо үзүүлэлттэй байсан. Тэмээ хариулах малчин бараг байхгүй болсон гэж болно. Харин сүүлийн жилүүдэд тэмээ өсгөх, хариулах сонирхол малчдын дунд дэлгэрч, тэмээ адуу солилцох хөтөлбөр, тэмээний уралдаан зэрэг арга хэмжээ болж байна. Тэр дундаа 30 гаруй жил тасраад байсан “Алтан ботго” шагналын эзэн тодорчээ.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багаас туулай жилийн босгон дээр ХХААЯ, МҮОНР-ийн “Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ботго” шагналын эзнээр Сүхбаатар сумын 3-р багийн малчин Ц.Гиваа тодорч, зуны тэргүүн сарын билэгт сайн өдөр, “Хөөврийн голын овоо”-ны тахилга наадмын үеэр шагналаа гардан авлаа. Малчин Ц.Гиваа нь 1992 оноос мал аж ахуй эрхэлжээ. Өмч хувьчлалаар таван хошуу мал, тэр дундаа 15 тэмээ авч малчин болж байсан түүхтэй. 2008 оноос Сүхбаатар аймгийн хэмжээнд тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлж эхэлжээ. Энэ жил 140 гаруй тэмээ тоолуулжээ. Ажилсаг, хөдөлмөрч малчин гэр бүл юм. 2002 онд хонин сүргээ 5000 хүртэл өсгөж байсан байна. 1986 онд айл гэр болж, 8 хүүхэд төрүүлж, өсгөжээ. Тав нь гэр бүл болж, тусдаа гарсан. Тэр бүгдэд мал сүргээсээ тасалж, малжуулжээ. Бэлчээр нутгийн хувьд алс зайдуу нутагладаг. Дорнод аймгийн Матад, Булган, өөрийн сумын зааг нутгаар отор нүүдэл хийж, өвөлжиж, хаваржиж өдийг хүрчээ. Олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж, шагнал гардан авч байгаадаа баяртай байна.
Ц.Гиваа өөрийн хүүхдүүдийг малжуулахын зэрэгцээ хамгийн олон айлыг малжуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл хугацаанд 20-иод айлыг малжуулж, тэдгээр малчдаас түрүүчээс нь 1000-т малчид төрж эхэлжээ. Сумынхаа малчин болох залуучуудад арга туршлагаасаа хуваалцаж, малжуулж, алдар амжилтанд хүргэхийг зорьдогоо хэлж байсан юм. Малынхаа буян хишгээр өдий зэрэгт хүрч, олон цол тэмдэг авчээ. Нутгийн олон, сумынхаа хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байна.
Сүхбаатар аймагт тэмээ маллана гэдэг амаргүй ажил юм. Бэлчээр нутаг, маллагаа, арчилгаа их шаарддаг. Нэгэн үе тэмээнээсээ гар салгадаггүй байсан гэж тэд хэлж байлаа.
Ц.ЭНХБААТАР