Эх сурвалжийг: Д.УЛААНАА
Наранчуудын тахилгат хайрхан Баяндулаан хайрхны урдхан доор аймгийн Аварга малчин өрх Цэрэндоржийн Мөнх-Очирынх нутаглаж байлаа. Хярын тойрмын өвөлжөө нэртэй энэхүү нутгаас хаваржаа хуу нүүдэл хийж амжаагүй байгаа нь энэ хаврын ааш аягтай нийцүүлснийх.
Хайрхан маань өнөөдөр манангаа татлаа. Дахиад бороо орох нь гэсээр угтав. Дунд, бага хоёр охин нь гэрийн ажил мал хуйндаа багагүй дэм үзүүлдэг нь тодорхой. Хоол, цай бэлдэлцэхийн хажуугаар хургатай болон сувай хонь нийлэх нь хэмээн мотоцикл асаагаад давхичих юм. Түр удалгүй нийлэх дөхсөн хонин сүргийнхээ “асуудал”-ыг шийдчихээд ирлээ гэх нь малчны хотонд өссөн таргил охидын унаган шинж тодхон. Эднийх гурван охинтой. Том охин нь Уулбаян суманд багшилдаг. Дунд охин нь дээр хэлсэн мотоцикл унаж давхидаг цовоо нэгэн. Харин бага нь хоёр салаа сүлжсэн урт гэзэгтэй дунд сургуулийн охин эгчийнхээ баруун гар нь гэлтэй. Мотоцикл дээр нь сундалдаад л явах юм.
Нүдээ нээгээгүй байхдаа л ирсэн дөрвөн нүдтэй хоточ банхар тэдний гэр бүлийн гишүүн. Үүдний дэвсгэр дээр хэвтэж, үслэг сүүлээ шарван амттай хоол нэхнэ. Хэр баргын юманд хууртаж гэрээс гарах нь ховор. Айлчин ирэхэд сониучирхан орж ирдэг хүүхэд мэт өхөөрдөм хэр нь том биеэс нь сүрдэм.
Хөдөөх айлын аж амьдрал орчин цагийн өөрчлөлтэй хосолсон ч хэлбэр дүрсгүй, харилцааны үнэн төрх хэвээрээ нь сайхан санагдана.
Ц.Мөнх-Очир 1994 оноос эхлэн аав, ээжийнхээ өсгөсөн малыг малласаар хорь гаруй жил болж буй. 2021 онд аймгийн “Аварга малчин” өрх болсон юм.
Монгол Үндэсний хээ угалз, засал чимэглэлийн чиглэлээр нийслэл хотод хоёр жил суралцаж байх үед аав нь бурхан болсноор мал аж ахуйгаа хариуцах үүрэг түүнд шууд оногдсоноор малчин болох зам руу эргэлт буцалтгүй орсон аж. Айлын 11 хүүхдийн 7 дахь. Гурван хүүгээс бусад нь эмэгтэй учраас аавынхаа орыг залгамжлах амьдралын хууль нэг л өдөр хаалга тогшсон нь энэ.
Түүний аав Я.Цэрэндорж нь Монгол Улсын Аварга малчин, АИХ-ын депутат асан. Аавынх нь ах дүү нар дунд Улсын Аварга малчин 4 бий. Өв дамжсан энэхүү удмаа нэр төртэй залгамжлан удмынхаа 5 дахь Аварга малчин болжээ. ХАА-д тулгамдаж байгаа асуудлыг төрд хүргэх зорилго өвөрлөн 2012 оноос өнөөг хүртэл сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж байна.
Тэдний хот хилийн бүсэд нутаглаад олон жил болжээ. Монгол Улсын халдашгүй байдлын баталгаа болсон хилийн зурваст нутаглаж буй малчны хүлээдэг үүрэг хариуцлагыг хангалттай биелүүлдэг тухай нутгийнхан нь ярьж байлаа. Тиймдээ ч Хил хамгаалах туслах нийгэмлэгийн гишүүн. Хилийн хууль, дүрэм, тухайн бүс нутагт хэрхэн аж төрөх, мал сүргийн хариулга маллагаанд анхаарах тухай бүхий л асуудалд эзний ёсоор ханддаг.
Шуурганд уруудсан мал хилийн тор давах үзэгдэл элбэг тул хоёр улсын хилийн торны гол руу нэвтэрсэн малыг буцааж гаргах, тасарсан торыг засаж сэлбэх, хилийн заставуудыг уналгаар хангах зэргээр нийгэмлэгийн гишүүний бүхий л үүрэг оролцоог ханган ажилладаг. Дунд охин М.Саруулыгаа хилийн цэргийн алба хаагч болгохоор шийдэн, мэргэжил эзэмшүүлэн сургаж буйгаа ч хуучилсан юм.
1997 онд гэргийтэйгээ амьдрал зохиож тусдаа гарснаас хойш малынх нь тоо толгой өссөн ч сүүлийн жилүүдэд малчдын өмнө хамгийн их тулгамдаад байгаа бэлчээрийн доройтол, өвстэй нутгаа бараадан нэг доор олноор нутагласаар мал бэлчээрлэх газар багасаж буй харангын дохиогоор малаа олшруулах биш чанаржуулах цаг ирсэн тул энэ тал руу илүүтэй анхаарч байгаагаа хэллээ. Үүнтэй холбогдуулан махны чиглэлийн үхэр өсгөх бодол өвөрлөн энэ чиглэлийн бух авчирчээ. Нэг үхэр борлуулахад жилийн хэрэгцээгээ хангадаг болох хэмжээний таваарлаг малтай болох бодлоо бодит болгохыг зорьсон нь энэ.
Дээрээс нь булаг шандаа хайрлаж хамгаалахгүй бол хур тунадас орох нь багасдагийг хашир малчдын туршлагаас мэдэж авснаа залуу малчдадаа хэлж сануулахыг хичээдэг.
Энэ хавар цаг хатуу ч төлийн хорогдол харьцангуй бага орлоо хэмээн ярилаа. Олонх мал нь жилбэ сайтайг бэлчээрт очиход андашгүй.
Өвлийн цагт зутраагүй мал хатуу хаврыг ажралгүй давдгийг тэр ааваасаа суралцжээ. Нүдгүй салхи шуурганы өөдөөс малаа бөөнөөр нь сөргүүлж хөөвөл бие биеийнхээ илчээрээ амархан дулаацдаг, шуурганд тархай байсан мал амархан бээрч хөлддөгийг, мөн хавар, намрын цагт усаар дутаахгүй байх нь тарга хүч сайн авдаг болохыг ч ааваасаа л өвлөсөн.
Мал олноор нэг доор нутаглах нь бэлчээргүй болох гол хүчин зүйл болдог учир аль болохоор нэг доор шавааралдах биш хол зайтай нутаглах нь энэ аюулаас аврах гарц. Гэвч сүүлийн үед малын тоо олшрох тусам арга барилаа өөрчлөх цаг ирснийг малчдад сануулж байна гэлээ.
Жил ирэх тусам өөрчлөгдөж буй цаг агаарын хувьсал мал аж ахуйд шууд нөлөөлж буй нь энэ хавар үргэлжилсэн олон хоногийн хүчтэй салхи, төлийн хорогдлоос гадна 10 гаруй жилийн өмнө ургадаг асан өвс ургамлууд ургахаа больсон нь малчдын сэтгэлийг бүр их зовоох болжээ.
Олон олон хатуу өвөл, хаврыг
туулсан хүний хувьд малчдын давдаг бэрхшээлийг үл ажирдаг гэж хэлэхгүй ч ҮЗСЭЭН… хэмээн толгой сэгсэрнэ.
1998 оны өвөл орсон цас гэдсээр татаж байсан тухай дурссан нь мал маллахад их хөдөлмөр хүч, ухаан зардгийн ганцхан жишээ. Их ажлын хажуугаар хурдан морьдоо сойдог ч морь унах хүүхэд ховордсон аж.
Улс, аймаг, сумын Аварга малчдад тавьдаг гол шалгуурын нэг нь хэдэн өрхийг малжуул, амьдралд нь дэм болсныг харгалзан үздэг. Эднийх 5-6 туслах малчнаа малжуулсан.
Ц.Мөнх-Очир “Мал дагавал ам тостоно” хэмээсэн монголчуудын аман билгээр сайхан амьдарч байна гэдгээ ярих дуртай. Үүнийг гэргий Л.Мөнхтуяа нь дэргэдээс ам нэгтэй батлав. Амьдрал үүрэлцэж, ачаа таталцаж яваа айлын эзэгтэйн үүргийг сайн гүйцэтгэх нь нөхрийнхөө их ажлыг хөнгөвчилж буй хэрэг. Цагаан идээ боловсруулах, мал төллөх цагаар хамгийн их ажилтай. Хажуугаар нь үр хүүхдээ асрах, заах чиглүүлэх гээд амьдралын тойрог дуусах биш. Малдаа яваад ирэхэд нь халуун хоол, цайтай байх нь гэргий хүний нэн тэргүүний үүрэг гэдгийг ухамсарласан эзэгтэйчүүдийн нэг.
Малчдын амьдрал төвийнхөөс дутахгүй боловсон болж, эрүүл сайхан агаарт сэтгэл тэнүүн амьдарч байгаа маань бидний жаргал юм даа гэсэн юм. Үнэхээр тийм аж. Тэдний гэр орон, хашаа хороо нь цэвэрхэн тохитой. Зурагт, хөргөгч, гар утас бүгд бий. Шаардлага гарвал 30 гаруйхан километр давхиад л сумын төвдөө оччихно. Хэрэгцээтэй зүйлсийн олонх нь Наран сумын төвд байдаг ч ахуйн үйлчилгээний цогц үйлчилгээ үгүйлэгдэж байгааг хэлэв.Үсчин, гуталчин, хувцас засваргэх мэт иргэдийн байнгын хэрэгцээ болсон наад захын эрэлт ганц Ц.Мөнх-Очирынд тулгамдсан асуудал биш, сумын нийт иргэдийн хүлээлт гэдэг нь тодорхой.
Хэдийгээр сум орон нутгийн удирдлагууд эл асуудалд анхаардаг ч орчин үеийн залуусын сонирхол алслагдсан сумаас илүүтэй нийгэм соёлын үйлчилгээ илүү хөгжсөн суурин газрыг сонгодог нь тэдний буруу биш. Гэвч аль ч суманд амар тайван амьдрал, бусад давуу талууд байгааг Мөнх-Очир онцолсон.
Нутагтаа эзэн болж, өөр өнгө төрхийг бий болгох залуусын давлагаа удахгүй бий болно гэдэгт бүрэн дүүрэн итгэж буйгаа тэрээр дахин дахин хэлэв. Үүний нэг жишээ нь түүний хуурай дүү гоефизикч Төмөрийн Дэлгэрцогтийн гэр бүл Наран суманд нэг жилийн өмнө ирж суурьшжээ. Нийслэл хотод амьдардаг асан залуу гэр бүл өдгөө сумын төвийн захад шинэ загварын тохилог байшин барьж, гаднах орчны тохижилтоо ч төлөвлөсөн нь тэднийх сумын төвд сайхан амьдрах боломжийг олж харжээ. Тэдэнд нутгийн найзынх нь санаачилга нөлөөлсөн ч сонголтоо бид зөв хийсэн хэмээн сэтгэл дүүрэн байсан юм.
Энэ мэт Мөнх-Очир малчны санаж боддог олон зүйлийн нэг нь бодит болж байгаа нь сэтгэлийг нь дүүргэдэг.
Шинэ цагийн малчдын санаа бодол, тэмүүлэл өөр болж, таваарлаг малыг эрхэмлэдэг болж байгаа нь манай улсын ХАА-н салбарт чухал алхам болох юм.
Мал бүхэн таваарлаг, малчин бүр амгалан аж төрөх болтугай.
Нийтлэлийг: СҮХБААТАРЫН ӨНГӨ сонин