ЯРИЛЦСАН Д.УЛААНАА
Дорнод аймгийн “ТОУУ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Зүүн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Дорнод аймаг дахь МБЭЭХ-ны дарга Б.Оюунтуяа
Манай сонины “Бизнес эрхлэгч бүсгүйчүүд” булан маань хүрээгээ тэлж, бүсийн бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн төлөөллийг оролцуулж байна.
Бидний урилгыг хүлээн авч, бизнесийн түүхээ олон нийтэд хуваалцаж буйд баярлалаа.
Бизнесийн үнэ цэнийг олонд таниулж яваа танай сонины хамт олноор бахархаж байна. Урилга авсандаа баяртай байна.
Математикийн багш мэргэжилтэй хүн бизнес рүү “урваж”. Бүх зүйл учир шалтгаантай. Мэргэжлээ яагаад огт өөр салбараар солив?
Тиймээ. Арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн математикийн ангийг дүүргээд, аймгийнхаа ЕБС-д дөрвөн жил багшилсан. Тэр үед багшийн цалин бага. Амьдралд хүрэлцдэггүй байлаа. 1993-1994 оны үе шүү дээ. Оюутан байхдаа том охиноо төрүүллээ. Сургуулиа төгсөөд, 1995 онд удаах охиноо төрүүлсний дараа наймаа хийж эхэлсэн. Тэр үед наймаа хийсэн хүн бүр хэд нугалж ашиг олдог үе байлаа шүү дээ. Нөхөртэйгөө хамт хятад руу хаягдал төмөр гаргадаг байлаа. Дорнод аймагт оросууд амьдардаг байсан болохоор тэр үед хаягдал төмрийн олдоц элбэг. Урдаас гурил будаа авчирч зардаг байснаа “Тамир” нэртэй Хүнсний дэлгүүр нээсэн. Манайх Дорнод аймгийн 17-р байрт амьдардаг байлаа. Хашаандаа тавин тоннын том ёмкость тавиад, хүмүүсээс хөнгөн цагаан, зэс гэх мэт метал авч бараагаар солино, нэг ёсондоо бартер хийдэг байлаа.
Би өвөө, эмээ дээрээ өссөн болохоор хашаанд нь төмөр авч хураадаг байсан юм. Хажууд нь бид өөрсдөө амьдардаг. Байрныхаа нэг хананд гадагшаа хаалга гаргаад Хүнсний дэлгүүр ажиллуулж эхэллээ.
Ингэж явж байгаад гурван өрөө байр аваад Хүнс, Бараа, Бичиг хэргийн дэлгүүр нээлээ. Энэ хугацаандаа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн нягтлангийн ангийг эчнээгээр /2002-2005 онд/ сурч төгслөө. Тэнд сурч байхдаа Увс аймгийн Оюунаа гэдэг найзтай болсон юм. Оюунаагийн эгч нар нь орифлэймийн том лидерүүд. Тэд Дорнодод ирээд намайг орифлэймд элсүүлэв ээ. 2004 оны 7 сард элсээд гурван сарын дараа захирлын болзол хангаж 1000 долларын урамшуулал авлаа. Дэлгүүрээ болиод орифлэймийн 28-р цэг нээчихсэн. Хурдан маневр хийдэг чанар маань нөлөөлсөн байх. Тэгтэл манай аймгийн Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаа болж, трубо, 6 км шугамыг тендерээр авлаа. Тэрийгээ урагш нь гаргасаар байгаад мөнгөө авч чадаагүй. Зуучилж байсан хэдэн хятдууд олдохгүй болсон. Улсын мөрдөн байцаах газарт мэдүүлж, хэдэн жил шүүх цагдаагаар явсаар байгаад, дэлгүүр, орифлэйм гээд бүх зүйлээ болилоо. Юу ч олж чадаагүй. Том шатсан шүү.
За тэгээд 2007 онд нэг найз маань элс хайрганы карьер ажиллуул гэж зөвлөснөөр ТОУУ компанийг байгуулсан түүхтэй. 2007-2008 онд элс хайрганы талбайд хотын захиргаатай хамтарч ажиллаж үзсэн юм. Тэр үед ААН болох шаардлагатай байсан учраас компаниа байгуулсан. 2008 онд компаниа байгуулаад элс хайрганы карьер луу орсон. Энэ их сонин түүхтэй. Элс хайрганы компани байгуулахад маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөхцөл шаарддагийг мэдэхгүй харанхуй орчихсон. Тухайн үед зах зээл сайн хөгжөөгүй, эдийн засаг хямралтай байсан болохоор хүмүүс өрнөөс өрний хооронд амьдардаг байсан хүнд жилүүдийн дундуур карьераа авсан даа. Хямралыг боломж болгосон юм.
Нөгөө найзынхаа зөвлөснөөр карьерын газрынхаа дөрвөн цэгийг тодорхойлоод, Ашигт малтмал газрын тосны газарт аваад очсон чинь энэ газар эзэнгүй байна. Тиймээс компани байгуулж ав гэсэн. Ингэж Түгээмэл орд, уул уурхай /ТОУУ/ гэдэг компани бий болсон юм. Компанийн нэр манай гэр бүлийн гишүүдийн эхний үсэгтэй таарсан нь бас их сонин. 250 мянган төгрөг төлөөд Х лиценз авдаг юм байна. Дараа нь гурван жилийн дотор хайгуул хийнэ, хайгуулын тайлан бичнэ, хийсэн хайгуулаа эрдэс баялгийн зөвлөлөөр орж батлуулна, лабораторид шинжлүүлнэ гээд шаардлагатай маш олон зүйлүүдийг хийхэд бараг 50 сая төгрөг гарсан. Ийм харанхуй бизнест 50 саяыг оруулах уу, уламжлалт бизнесээ хийх үү гэдэг асуулт гарч ирсэн. За тэгээд Дорнодынхон бүгд шахуу үзүүлдэг Болд ахаасаа асуулаа. Уг нь сайн ирээдүй харагдаж байна. Танайд өгөөжтэй газар байна гэж байна.
Дорнодод барилга барьдаг зарим хүмүүст: Манайх элс хайрга хийж байгаа. Та нар авах уу? гэхэд, эргэн тойронд элс байхад хэн ч авахгүй гэдэг юм байна. Тэгэх тусам хиймээр санагдаад, хоёр өрөө байраа зарж хөрөнгө босгоод, нөөцөө тогтоогоод ажиллаж эхэлсэн дээ. Тэр үед лиценз барьцаалж зээл олгодог банк олдохгүй. Лицензийг ойлгодог хүн ховор байлаа. Ингээд 2010 онд “Кредит Монгол” ББСБ-аас 2,8 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн зээл анх удаа авч, нөхөр маань урагшаа явж нэг экскаватор авчирсан. Гаальтайгаа нийлээд бараг 80 сая болж байсан. Эндээс нэг хүнээс 20 тоннын машин авч анх ажлаа эхэлж байлаа. Дараа нь хайгуул хийгээд, Ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад, 61 га газарт карьераа ажиллуулаад, барилгын элс борлуулж эхэлсэн. Гэтэл 2013 оны үед барилгын салбарын зөвлөгөөн болох үеэр компаниуд хувийн карьер хийнэ гэдэг юм байна. Би түргэн зантай болохоор, бэлэн карьерын үйлдвэр байхад яагаад тус тусдаа нээнэ гэж… гээд бууж алдав аа. Манайх хамгийн сайн чанартай хайрга гэдэг нь туршилтаар нотлогдсон юм. Оросуудын барьсан байшинд хэрэглэдэг байсан шиг тийм чанартай зуурмаг гардаг. Тэр үед бүх аймгууд карьергүй байхад манайх анх нээсэн нь тэр. Одоо ч Хэнтий, Сүхбаатар аймагт карьер байхгүй шүү дээ
Хэрвээ барилгын компаниуд тус тусдаа карьертай болбол Дорнодын газар нутаг Туул гол шиг болно гэж барилгын зөвлөх Сумъяажав гуай хэлж байсан юм. Энэ хүн сүүлд нь манай төсөл дээр ажилласан. Бидний төслийг сайжруулж боловсруулаад аймгийн удирдлагуудад ирж танилцуулахдаа, энэ хүүхдүүд маш зөв юм ярьж байна. Та нар нэгдсэн карьертай болохгүй бол энд тэндээс дураараа олборловол байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тухайн үеийн аймгийн удирдлагуудад ойлгуулсан.
Манай төсөл барилгын элсний карьер, бетон зуурмагийн үйлдвэр бүхий төмөр бетонон бүтээцийн үйлдвэр гэсэн 2,6 тэрбумын өртөгтэй, Барилгын яамны хэлэлцүүлэгт шалгарсан төсөл /2012 онд/ байсан юм. Тэр хэлэлцүүлэгт би төслөө танилцуулахад маш олон захирлууд төслөө танилцуулж байсан. Жишээ нь “Ган хийц” компанийн захирал, менежер, нягтлан гээд олуулаа ирээд дэлгэцэн дээр гоё юм харуулж танилцуулаад. Тэр өдөр яарч сандарсан амьтан дүүгийнхээ хэвлэлийн компани дээр очиж төслөө хэвлүүлж ирээд танилцуулснаар дэмжигдэж билээ. Миний өмнө нэг залуу ороод Хэнтий аймагт 13 тэрбумын өртгөөр цементийн үйлдвэр байгуулна. Түүхий эдээ Булган аймгийн Хонгор сумаас татна гээд ярьтал ажлын хэсэг яриаг нь таслаад, ердөө наад талд нь Хөтөлийн цементийн үйлдвэр байхад…. Эдийн засгийн мэдлэгтэй юу гэж асуугаад шууд гаргасан.
Дараа нь би ороод төслөө дуржигнатал ярилаа. Тэгэхэд тэр Сумъяажав гуайгаас эхлээд: Энэ л төсөл байхгүй юу. Дорнодод албан ёсны карьертай болох ёстой гэсэн. Комиссын гишүүд надаас олон л юм асуусан. Тэр бүгдэд хариулаад төсөл маань шалгарсан. Сумъяажав гуай дараа нь бидэнд маш их тусалж зөвлөсөн дөө. Бүр манайд ирээд хамт ажилласан. Зуурмагийн үйлдвэрээ хаана барих, бутлуурын цехээ хаанаа барих, цахилгаанаа яаж татах, ямар зардал гарах гэх зэргийг бүгдийг мэргэжлийн түвшинд хийж хамтарч ажилласан юм.
Төсөл хэрэгжүүлэх зээл авахын тулд тэр бүх зүйлийг хийх хэрэгтэй болсон. Ингээд шалгараад явж байтал 2012 онд Ардчилсан нам сонгуульд яллаа. МАН-ын үеийн төслийг АН-ынхан үргэлжлүүлэхгүй гэдэг бойкот байсан. Азтай нь бид аль ч намын гишүүн биш байсан маань давуу тал болж төсөл маань хэрэгжих суурь тавигдсан юм.
Тэр үед Ц.Баярсайхан Барилга хот байгуулалтын сайд болсон үе байлаа. Би яамных нь нэг мэргэжилтний өрөөнд бараг л оффисолж хэдэн сар болсон. Өрөөнд нь кофе ууна, талоноор нь хоолонд орно. Төслөө л хөөцөлдөөд яваад байгаа минь тэр. БХБЯ төслөө шалгаруулсаар байгаад 888 гэдэг гоё төсөлтэй болсон. Ийм тооны төсөл байсан юм уу бүү мэд. Тэр үед барилгын материалын үнэ тогтворжуулах зээл, цементийн зээл гэх мэт янз бүрийн зээл гарч эхэлсэн. Намайг өрөөндөө суулгадаг мэргэжилтэн Энхтүвшин надад, төслийн зээл нэг хэсэггүй юм байна. Эргэлтийн хөрөнгийн зээл гэж нэг тэрбумын дотор хүсээд үз гэлээ. Тэгэхээр нь 950 саяын зээл хүслээ. Эхний хурлаар манайхыг дурсаагүй. Би нарийн бичгийг нь гуйна. Яваад л байгаа. Хажууд нь Соёлын яаманд манай аймгийн Алтангэрэл гишүүн байсан юм. Гишүүн дээр орж ярина. Юм юм л болно. Алтангэрэл гишүүн нарийн бичиг рүү нь ярина. Ийм төсөл байна. Дэмжээрэй гээд л…
Нарийн бичиг бүх саналыг дамжуулна шүү дээ. Хоёр дахь удаагийн хурлаар манай нөгөө найз маань Цэдэнсамба даргад, энэ Дорнодын жижигхэн хүүхэн манайд зунжлаа… гэсэн чинь Ямар компани? гэж байна. “ТОУУ” ХХК гэсэн чинь манай 950 саяыг 700 сая болгоод баталчихсан. Яам эрхийг нь өгч байгаа нь тэр. Би чинь хөөрөөд хэнтэй уулзах вэ гэсэн чинь Ишдорж гэдэг хүнтэй уулз гэсэн. Найзаасаа утасны дугаарыг нь аваад Ишдоржтой очиж уулзаад, Дорнод аймагт карьер маш хэрэгтэй байна гэх мэт учир байдлаа яриад, Монгол банкнаас цохуулж гараад, арилжааны банкинд хандсан чинь ашиг олох эсэх нь тодорхойгүй төсөлд зээл өгөхгүй гээд. Барьцаа хүрэхгүй гэх мэт
Батырбек захирал, уул уурхайн бизнесийн төвд очиж судалгаа хийлгэ… гэдэг юм байна. Тэнд нь очлоо. Досан гээд казак залуу эдийн засагчаар томилогдлоо. Банкинд судалгаа хийлгэх гэж хүлээсээр байтал гэж байтал сар нь дуусчхав аа. Таны албан бичгийн хугацаа дуусчихлаа гэдэг юм даа. Уур хүрээд /инээв/ Барилгын яаман дээр очлоо. Хоёр жил гаруй гүйгээд ингэчихлээ. Худлаа байдаг юм байна гээд очтол Баярсайхан сайдын туслах намайг таньдаг болохоор Оюунтуяа эгч яасан? гээд л угтсан. Гэтэл манай найз Түвшин: Дорнодын гаралтай Стратеги төлөвлөлтийн газрын дарга Мэргэнсод гэдэг хүн бий. Тэрэнтэй уулзвал яасан юм бэ? гэсэн. Азаар Мэргэнсод Баярсайхан сайдын өрөөнд хамт байж таарлаа. Орсон чинь Баярсайхан сайд: Та яасан? гэж байна. Мэдэхгүй ээ ёстой худлаа юм байна. Энэ даргатай уулзах гэж байна гэж толгойгоороо дохилоо. Гараад ирэхээр нь Баярсайхан сайд тантай уулз гэсэн юм гээд нэрийн хуудсаа өгтөл сайд дагаад гараад ирлээ. Аан “ТОУУ” гэж танайх юм уу гэж байна.
Баярсайхан сайдад: Манайх ийм компани юмаа. Зээл хэрэгтэй байна. Банкуудаар яваад хугацаа дуусчихлаа гэсэн чинь, хугацааг нь сунгаж болно шүү дээ гээд гараад явчихлаа. Тэгэнгүүт яамных нь санхүүгийн хэлтсийн дарга дээр очоод, сайд чинь хугацаа сунгаж болно гэсэн та сунгаж өг гэлээ. За за .. гээд л надаас үнэндээ залхсан байгаа нь мэдрэгдэж байгаа юм чинь. Та Хас банкинд оч гэхээр нь, үгүй таныг л дагуулж явна гээд дагуулж очоод, судалгаа хийлгээд 700 саяын зээл авлаа.
Тэгэхэд өнөөх урт нэртэй хууль хэрэгжиж байсан юм. Манайх Хэрлэн голоосоо нэг км зайтай байсан болохоор хуульдаа тохирсон зайд үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Олборлоод, борлуулж, зарах эрх авах зэрэгт маш том шалгууруудыг давсаан.
Түгээмэл тархацтай гэдэг утгаараа олборлох нөхцөлөө арай гэж бий болгосон нь тэр. Одоо хамтрагчид маань “ТОУУ” компанийг хүндэтгэдэг нь сууриа маш зөв тавьсны л үр дүн.
700 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ?
Их сонин түүхтэй. Тэр мөнгөөр ажилчдадаа старикс машин 15 саяар аваад, бусдаар нь тоног төхөөрөмж авсан. Чулуу бутлуурын үйлдвэр, хоёр Норд бенз, нэг ковш гэх мэт. Өмнө нь бас жижиг бутлуурын үйлдвэрийг яаж ийж байгаад авч байсан. Энэ хүртэл төслөө хэрэгжүүлэх гэж оюун ухаанаа уралдуулна гэдэг л болсон. Эдийн засгийн асуудалд цөөнгүй удаа орсон ч зорьсон зүйлээ тавихгүй зууралдаад л байсан.
Хамгийн анх бетон зуурмагийн санал “Марс” хотхоноос ирлээ. Тэгье гээд ашиг үл харгалзаж, зуурмаг нийлүүлсэн. Маш бага өртгөөр зуурмаг нийлүүлээд, алдагдалд ороод, гэрээндээ өөрчлөлт оруулъя гэж захирлаас нь гуйгаад, тохиролцоод анх бетон зуурмагаа нийлүүлж эхэлсэн дээ. Талын шилтгээн, Маршал хотхонуудад барилгын элс, бетон зуурмагаа нийлүүлсэн. Ер нь бол Дорнод аймагтаа чанар стандартад нийцсэн барилга, замын бүтээн байгуулалтад түүхий эд, бетон зуурмаг, бетон хийц нийлүүлж байна.
Одоо “ Баян цог констракшн “ ХХК буюу охидуудынхаа хэрэгжүүлж байгаа анхны төсөл болох “QUEEN WILLA” амины орон сууцны хороололд хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Хоёр охин маань энэ компанийг авч явж байна. Өмнө нь аймгийн төвд болон сумдад ШТС-уудыг ч барсан. Тухайлбал, Сод монгол, Шунхлай, Тэс компаниудын агуулах болон ШТС-ууд болон зам талбайн ажлуудыг хийсэн.
Энэ бүх зүйлийг хийх хөрөнгөө хэрхэн босгодог вэ?
Төмөр зөөдөг байхдаа олон тооны ёмкост авсан байсан. Дээр нь бараг 100 гаруй хавтан авчихсан байсан. Нисэх буудлын талбайд ашигладаг хавтангууд. Хүнд аз таардаг юм байна. Манай НИК-ийн Болдбаатар захирал: Хот руу шилжинэ. Манайд Шунхлай компанийн агуулах баригдах гэж байгаа. Танайх гүйцэтгээч гэдэг санал тавьсан.Тэгээд л ёмкост, блокоо ашиглаад агуулахыг барьж 100 гаруй сая төгрөг олсон. Тэр үеийн 100 сая төгрөг их мөнгө шүү дээ.
Лениний толгойн баримал авах гэж Эрдэнэт хот руу явж байсан гэж сонссон юм байна?
Бизнес хийдэг хүн орлогоо нэмэх ямар боломж байна гэдгийг байнга эрэлхийлдэг. Манай нэг найз нөхөртэйгөө Манжуурт Лениний баримал зардаг байсан юм. Тэгэхээр нь Эрдэнэт рүү явлаа. Тэнд оросууд байсан болохоор олдоц сайн. Нэлээд олон баримал авчраад Хятадад зарсан ч хэрэглээний л зардалдаа таарсан. Нэг их ашиг олоогүй.
Ёс зүйтэй бизнес урт настай, тогтвортой байдаг болохыг олон бизнес эрхлэгчдийн туршлага харуулдаг. Таны хувьд энэ хүртэл эрхэлсэн бизнес тань өргөжиж буйн гол зарчим юу бол?
Бизнес гэхээр ашиг олно гэвэл болохгүй. Хэтийн зураг, алсын хараагаа маш томоор гаргах ёстой. Бидний хувьд Барилгын элс, дайрга л зараад байх нь гол биш. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ёстой. Тухайлбал “ТОУУ” компани өнөөдөр 15 жилийн дараа л ашгаа олох гэж байна. Энэ хүртэл тууштай явна гэдэг л бизнесийн маань тогтвортой байх үндэс. Энэ жил гэхэд л манай барилгын элсний борлуулалт бараг л зогссон. Гэлээ гээд шууд зогсоогоод, өөр бизнес хийж болохгүй шүү дээ. Хоёр тэрбум гаран төгрөгийн тоног төхөөрөмж машин механизмуудаа яах билээ тиймээ. Нэгэнт л энэ ажилд зориулсан эд шүү дээ. Тэгээд ч байгууллагын алсын хараа, хэтийн зорилго, орон нутгийн хөгжил дэвшилд нэмэр болох зорилтоосоо ухарсан хэрэг болно.
Танайх Дорнод аймагт өндөр зэрэглэлийн орон сууцны хотхон барьж байна. Ийм хотхоныг барихад газрын зөвшөөрөл, дэд бүтэц гэх мэт суурь асуудлуудыг шийдэхэд орон нутагтайгаа хамтрах шаардлага зайлшгүй гарна. Дорнод аймгийн засаг захиргаа хувийн хэвшилтэйгээ хэрхэн ажиллаж, бүтээн байгуулалтыг нь хэр сайн дэмждэг вэ?
Манай аймгийн Засаг дарга бүхий л нэгжээ харьцангуй сайн дэмждэг. Ялангуяа ЖДҮ, хувиараа бизнес эрхлэгчдийг бодлогоор байрны түрээсээс чөлөөлдөг зэрэг нь хувийн хэвшилд үр дүнгээ өгч байгаа.
Манай компанийн барьж буй хотхоны хувьд өөрсдөө дэд бүтцээ татсан. Аймаг, орон нутагтаа танилцуулсан бол орон нутаг болон, улсын төсвөөр шийдүүлэх боломж байсан юм байна билээ. Гол нь хувийн бизнес юм чинь гээд заавал төрөөс тэгээч ингээч гэж гуйгаад яах вэ гэж бодсон. Гэхдээ орон нутагтаа бүтээн байгуулалт хийж байгаа бол төртэйгөө уялдаа холбоотой байх ёстой юм байна.
Манай хотхон баригдаж байгаа газарт нэг л орон сууц баригдах газар байгаа. Гэтэл энэ газарт бүр гоё хотхон барьж болно. Тиймээс л бид өөрсдийн хөрөнгөөр 800 метр газраас цэвэр бохирын хоолой татаж, аймгийн төвөөс зайдуу газарт орчин үеийн хаус хотхон барьж байгаа. Голдоо ногоон байгууламжтай, тохижилтыг цогцоор нь шийдсэн. Энэ хотхоны орчны өмчлөлийн, эзэмшлийн газруудын эдийн засгийн үнэлгээ эрс өсөж байгаа нь бидний иргэдэд өгч буй үр шим.
Математикийн багш хүн бизнест цахиур хагалж, огт өөр салбарыг амжилттай авч явж буй тань сонирхолтой юм. Энэ салбараар мэргэшжээ?
1990-ээд онд бүх юм хувийн хэвшилд шилжээд, 45-ийн гутал 90 төгрөг, 4 төгрөгийн сахар 8 төгрөг болж байх тэр үед бид нар дөнгөж 20 гарч явсан залуус байсан. Үйлдвэрүүд татан буугдаад ирэхээр наймаа хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн шилжилтийн үеийн хүмүүс шүү дээ. Би ээжийнхээ аав дээр өссөн. Өвөө маань тэр үеийн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийдэг байсан юм. Өглөөнөөс орой хүртэл юмаа зарахын тулд тасралтгүй ажилладаг тийм хариуцлагатай хүн байсан сан. Тэгэхэд би орос сампин цохиод, падаан бичих зэргээр өвөөдөө тусалдаг байлаа. Тэгж л бизнесийн А үсгийг сурсан байх даа.
Танай компани Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа хэр олон ажил хийсэн бол?
Энэ хүрээнд маш олон зүйл хийсээн. Компаниа 2009 онд байгуулаад, 2014 онд 5 жилийнхээ ойгоор 5 бүтээлч ажил хийж байлаа. Аймгийнхаа хүүхдийн эмнэлэгт хүүхдүүд амрах, тоглох бүхий л нөхцөлийг хангасан сэргээн засах өрөө тохижуулж өгсөн. Тэр жил Дорнодод орос, монголын хамтарсан цэргийн томоохон хээрийн сургууль болоход тусгай замыг нь тавьсан гээд дурдаад байвал олон.
Ковид гарахад хамгийн түрүүнд аймагтаа хэдэн сая төгрөгийн тест авч эмнэлэгтээ хандивлах зэргээр олон нийтэд тустай зүйлд хөрөнгө оруулахыг эрмэлздэг.
Ажилчдынхаа нийгмийн асуудалд ч нэлээд анхаардаг. Тэд бол компанийн үнэт зүйл шүү дээ. Манайд анх 19 настайдаа ороод, одоо хүртэл ажиллаж байгаа нэг залуу бий. Таван хүүхэдтэй. Тэднийд хашаа байшин авч өглөө. Зорилготой, тууштай, хариуцлагатай сайн ажиллаж байгаа хүмүүстээ цалингаас гадна бусад зүйлсээр хангаад явж байна.
Олон жил бизнес эрхэлсэн хүний хувьд орон нутагт бизнес хийхийн давуу болон сул талуудыг та юу гэж харж байна?
Манай Дорнод аймагт том зах зээл бий. Хамгийн гол нь төр, хувийн хэвшлүүд маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй байна. ААН-үүд тус тусдаа өрсөлдөх биш, хамтарч ажилладаг байвал илүү амжилтад хүрнэ.
Орон нутагт маш олон боломжууд бий. Манайх МАК компанийн борлуулагч. Мөн “Монцемент” ХХК-ийн цементийг борлуулж, олон тэрбумын борлуулалт хийж зах зээлд таниулж өгсөн.
Орон нутагтаа элс хайрганы үйлдвэртэй болсон тул компаниуд манай хашаанаас элс, хайрга, бетон зуурмаг, цементээ нэг доороос авчихдаг болохоор тэдэнд илүү амар болж байгаа.
Энэ том бизнесийг олон жил авч явах хялбар биш. Ялангуяа хил гаалиар томоохон техник, хэрэгслүүд оруулж ирэх гэх мэт эмэгтэй хүнд ахадсан ажил санагдаж байна. Таны хамгийн сайн хамтрагч хэн бэ?
Энэ бүгдийг би ханьтайгаа л хамт хийдэг. Анх хилээр төмөр зөөж эхэлснээс хойш одоо хүртэл бид гэр бүлийн бизнесээ хамтдаа босгосон. Хосоороо бизнес хийх шиг ашигтай зүйл байхгүй. Би санхүү, менежментээ, манай хүн үйлдвэр талаа хариуцдаг. Гэр бүлийн хамтарсан бизнес маш амжилттай явдаг.
Ганц жишээ хэлье. Хайраг, дайрга байхгүй бол хэдэн тэрбумтай байгаад ч барилга барих боломжгүй. Хайрганы компани байхад тэр хавийн ганц нэг айл эсэргүүцдэг. Эх оронч үзэл гэж андуураад байдаг тал бий. Нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг ойлгохгүй байна. Ер нь 1,2 иргэний эрх ашиг ярих уу, эсвэл орон нутгийн хөгжил дэвшлийн асуудал хэрэгтэй юу гэдгийг зарим дарга, төлөөлөгчид ойлгох хэрэгтэй. Маш олон хүнд ашиг тусаа өгдөг. Энэ олон байшин барилга, орон сууцууд ямар богино хугацаанд баригдаж иргэд орон сууцтай болж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Наад зах нь гэр хорооллын нүүрс түлдэг нэг айл орон сууцанд ороход нэг яндан байхгүй болно. Энэ нь бидний үр хойчдоо үлдээж байгаа нэг хөрөнгө оруулалт гэж боддог.
Хэдийгээр том бизнес эрхэлдэг ч маш өндөр эрсдэлтэй. Тэр олон барилгыг барихын тулд олон тоног төхөөрөмж ажилладаг. Тухайлбал, олборлолт явуулахын тулд хүчин чадал сайтай гинжтэй экскаватор хэрэгтэй. Оператор хэрэгтэй. Экскаватор нааш цааш явдаг тул ачих шланз хэрэгтэй. Зөвхөн экскаватороо тээхийн тулд шүү дээ. Олборлосон элс хайргаа ковшоор татна гэх мэт маш олон техник хэрэгсэл, хүн хүч, цаг хугацаа ордог гэдгийг хүмүүс мэдэхгүй.
Ийм үйлдвэр байхад хулгайн олборлолтууд байсаар л байгаа. Хулгайг орон нутгийнхан хийдэггүй. Тендерт ялсан том компаниуд хийдэг. Энд тэндээс элс хайрга зөөгөөд байхаар газар сэндийлэгдэж, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Албан ёсны лицензтэй үйлдвэртэй хамтарч ажиллах нь уг нь зөв шийдэл Энэ мэт бэрхшээлүүд бий бий.
Дорнод аймаг харьцангуй олон хүн амтай, том аймгийн тоонд ордог. Энэ аймгийн бизнес эрхлэгчид, хэр нэгдэж ажилладаг бол. Танай Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны баримталдаг бодлого юу вэ?
Манай Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо 2017 онд шинэчлэн байгуулагдсанаас хойш маш сайн ажиллаж байгаа. Бид 15 тэргүүлэгчтэй. Холбооны гишүүдийнхээ бизнесийн орчныг сайжруулах, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх тал дээр бодлогын хүрээнд ажиллаж байна. Дээрээс нь ААН, хувь хүмүүст татварын орчин, хөнгөлөлт чөлөөлөлт дээр ойлголт өгөх сургалт хийх зэргээр бизнес эрхлэгч масс руу чиглэсэн ажлуудад анхаардаг. Ковидоос хойш зүүн бүсийн аймгуудаар нэг нэг удаа л тойрсон. Бизнесүүд хэвийн явж байгаа юм байна лээ.
Бизнес эрхлэгчдээ ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Аливаа бизнес их ашиг олохоосоо илүүтэй тогтвортой, тасралтгүй байх ёстой. Тиймээс маш сайн төлөвлөх хэрэгтэй. Давхар бизнес эрхэлбэл нэг нь нөгөөгөө аварна. Дээр хэлсэн, бизнес эрхлэгчид маань хамтарч ажилладаг болбол үйл ажиллагаа нь илүү тогтвортой болно. Одоо бид гаднын зах зээл дээр гармаар байна. Ингэхийн тулд наад зах нь дотроо маш сайн эвсэж ажилладаг болчихвол боломж их бий.
Энэ хүртэл явахдаа шантарч байсан уу?
Ор үндэслэлгүй худал яриа л хамгийн их шантруулдаг юм байна лээ. “ТОУУ” компани тэгсэн ингэсэн гэдэг худал яриа гардаг л юм. Худал ярьдаг улстөрчид ч байна. Тэр бүгдийг нэрлэх нь хаашаа юм. Бизнес эрхлээд энэ хүртэл явахдаа нэлээд туршлагатай болсон. Одоо бол бүх бизнесийг төлөвлөж чадна. Бараг бүх бизнесийг хийж үзлээ. Хүнс, барааны дэлгүүр, сүлжээний бизнес, малын тэжээл хүртэл хийж үзэж байлаа. Тэр бүхний дараа үйлдвэрлэгч больё гэж боддог байсан маань өдгөө биеллээ олж карьерын үйлдвэртэй болоод явж байна. Үйлдвэрлэл эрхэлдэг хүн завгүй, зорилготой болж зогсолтгүй хөдөлмөрлөх нөхцөл бүрддэг.
Төлөвлөөгүй эрсдэлүүд таарна. Тэр бүхнийг даван туулж шийдвэрлэж байж жинхэнэ бизнес эрхлэгч болно.
Одоо таны зорилго илүү томорсон болов уу?
Зэх зээл дөнгөж эхэлж байхад бид хар бороор бизнесээ хийж явлаа. Маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд бизнесээ зөв, бодитой төлөвлөж ажиллах хэрэгтэй болсон. Анх ажлаа бодоод амьдар гэдэг байсан бол одоо амьдралаа бодоод ажиллая гэдэг зарчим боловсруулж байгаа.
Энэ дотор манай ажилчид ч орсон. Цалин нь хангалттай, тодорхой цагтаа амардаг байх ёстой. Ингэхийн тулд бизнесийн сайн төлөвлөлт чухал. Төртэйгөө нягт хамтрах ёстой юм байна лээ. Наад зах нь орон нутгийн удирдлагуудад хийх гэж байгаа ажлаа танилцуулдаг байх ёстой. Ийм ийм юм хийх гэж байгаа тул дэмжиж хамтраарай. Битгий тээг саад болоорой гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэж чадвал ажилтнууд ч тэр, бид ч тэр ядрахгүй. Стрессгүй ажлаа тайван хийнэ гэсэн үг. Хол ч явна.
Компани бол гэр бүл. Гэр бүлээрээ хувийн хэвшилд ажиллахад олон давуу талтай. Их юм сурна, бас сайн хөгждөг.
Бид хүүхдүүддээ, маш их бэрхшээлийн дундаас , та нарын авч явах бизнесийн суурийг нь тавьж өглөө. Цаашдаа олон ажлын байр бий болгосон, ажилчид нь инээсэн, аз жаргалтай, хамт хөгжсөн, хамт хөлжсөн компанийг бий болгоорой гэж захидаг. Дээр нь сайн татвар төлөгч болоорой гэж захидаг. Сайн татвар төлнө гэдэг бол сайн бизнес эрхэлж байна гэсэн үг.
Хариуцлага, ёс суртахууныг мөн чанараа болгож хөдөлмөрлөсөн тэдний гэр бүлийн бизнес орон нутагтаа давтагдашгүй үнэ цэнийг бий болгожээ.
Ажилчдаа амин сүнс хэмээн дээдэлдэг Б.Оюунтуяа захирлын өр зөөлөн, зарчим хатуу. Тийм л байж зах нь үл харагдах аварга төсөл нь тогтвортой үргэлжилдэг биз ээ.
Олон хүнийг хувийн хэвшил рүү, бизнесийн завгүй ертөнц рүү эргэлт буцалтгүй орох шалтгаан болсон шилжилтийн үед талархан алга ташмаар. Тэр үеийн бэрхшээлийг туулж, ганзагаас эхэлсэн наймааны эрин өдгөө Монгол Улсын бизнесийн салбарын бүхэл бүтэн үеийн суурийг тавьсан билээ.
Тэдний тод томруун төлөөлөл болсон зүүн бүсийн бизнес хатагтайн санаачилсан төсөл Дорнод аймагт шинэ өнгө, шинэ хүч, шинэ хөрс болон өртөөлж байна.