Жилийн өмнөхөн хариуцлагатай уул уурхайн эрэлд гарсан юм. Томоохон уурхайнуудын байгаль орчны тайланг харж, ялангуяа усыг хэрхэн зохистой ашиглаж буйг судалсаар өнөөг хүрэв. Тоо ярихын өмнөхөн уул уурхайнууд тухайн нутгийн “зочин” нь гэж өөрсдийгөө тодорхойлж, одоо болон ирээдүйн эздэд нь хүндэтгэлтэй хандаж, гүний усыг зохистой ашигладаг жижиг манайд нэгэнт нэвтэрснийг онцольё. Тухайлбал, Оюу толгой ХХК 2023 оны III улирлын байдлаар нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна. Мөн түүнчлэн ус ашигласны төлбөрт 2013-2023 гуравдугаар улирал хүртэл 161 тэрбум төгрөг төлжээ. Өмнөх жилийн мөн үед энэ тоо 138.4 тэрбум төгрөг байсан юм. Түүнчлэн ус дахин ашиглалтын түвшинг дунджаар 86.7 хувьд хүргэсэн нь өмнөх оноос 0.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гүний хоолойн газрын доорх ордын ус ашиглалтын дундаж хэмжээ секундэд 918 литр боловч үүнээс бага буюу секундэд 460 литр усыг хэрэглэдэг байна. Гараа угааж, эсвэл усанд орохдоо ямар их ус сул асгадаг билээ. Тэр бүр их үнэтэй байсныг уурхайн ус ашиглалтыг хараад л ухаарч байна. Бүр орон нутгийн хөрсний бүтэц, эко системийг алдагдуулахгүйн тулд “Байгалийн ургамал үржүүлэх газар”-ыг байгуулж, 2021 онд 12 зүйлийн 42 мянган мод суулгасан байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар Ханбогд сумын 35 га талбайд 30,000 мод тарьжээ.
“Монгол Улсад нэг тонн талх хийхэд 3.5, хими цэвэрлэгээ 35.7, үслэг эдлэл үйлдвэрлэхэд 222.4, зэсийн баяжмал гарган авахад 4.1 шоо метр ус зарцуулж буй тооцоо бий. Мөн Монгол Улсын ус ашиглалтын 2021 оны тайланд, “Унд ахуйн хэрэгцээгээр 84.5, үйлдвэр ахуйн үйлчилгээ 16.2, усалгаатай тариалан 144.8, мал аж ахуй 194.4, уул уурхай 113.4, эрчим хүч, дулаан, 41.5, нийт 594.8сая шоо метр ус ашигласан” гэж дурдав. Өмнөх хоёр жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. “Усыг цацдаг” гэж бидний ярьдаг уул уурхайн салбар нь усыг их хэмжээгээр эргүүлэн ашигладаг тул хөдөө аж ахуйн салбараас бараг хоёр дахин бага байна.
Зарим томоохон уул уурхайн салбарын жишээг дурдвал, “Эрдэнэт” ТӨҮГ нь Ахаа гүний хошуу нэртэй газрын доорх усны ордоос авч ашигладаг байна. Тус ордын нөөцийг секундэд 2868 литр байхаар 2017 онд баталсан. Үйлдвэртээ ихэнхдээ эргэлтийн ус ашигладаг гэж дурджээ. Харин Багануурын нүүрсний уурхай унд ахуйдаа хоногт 237.4 шоо метр ус хэрэглэдэг байна. Шивээ овоогийн нүүрсний уурхай унд ахуйн зориулалтаар хоногт 62.5 шоо метр ус хэрэглэн, зам, талбай, нөхөн сэргээлтийн усалгаанд шаардагдах усыг уурхайн шүүрлийн уснаас авч ашигладаг гэлээ. “Тавантолгой” нүүрсний уурхайн усны хэрэгцээ өнгөрсөн онд 14.5 сая шоо метр байх төслийн тооцоо хийсэн гэх мэдээлэл бий. Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэр нь хоногт 5050 шоо метр ус зарцуулдаг байна. Тус ордын усны нөөцийг секундэд 112.5 литр байхаар 2013 онд тогтоож өгчээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд 74 хувийг нь эргүүлэн ашиглаж буй хэмээн бичжээ. Энэ мэтчилэн уурхайнуудын байгаль орчны үнэлгээний тайланд усыг эргүүлэн ашиглан, гамнаж буй тухай тэмдэглэсэн нь сайшаалтай.
Уурхайн үйл ажиллагаа уснаас бүрэн хамааралтай. Зөвшөөрсөн хугацаанд тогтоосон нөөцөөр аваад, одоохондоо бүх зүйл болж буй мэт харагдавч, цаашлаад дахин усны нөөцөө олж илрүүлэх, судалгаа тооцоолол хийх шаардлага гарч ирнэ.
Сүүлийн 40-н жилд хийсэн судалгааны дүнгээр монгол орны усны нийт нөөц 564.8 сая шоо км. Үүний 10.8 сая шоо км буюу 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Бид хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх уснаас авдаг.
Усны нөөцийн экологи, эдийн засгийн буюу мөнгөн үнэлгээ хийх асуудал 1980-аад оноос хойш манайд эрчимтэй ярьж эхэлсэн. Усны нөөц нь улс орнуудын ДНБ-ий үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.17-д “Усны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж тодорхойлсон нь бий. 2013 оноос хойш усны нөөц ашигласны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан тооцож байна. НҮБ-ын Статистикийн хэлтсээс гаргасан “Усны нөөцийн экологи-эдийн засгийн тооцооны систем” /SEEAW/ гарын авлагад, “Усны нөөцийн өртгийн үнэлгээ буюу үнэ цэнийн асуудал нь төрийн бодлогын хувьд чухал ач холбогдолтой боловч одоог хүртэл үнэлгээ хийх бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төгс аргачлал хараахан бий болоогүй” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс харахад, дэлхий нийт усны жинхэнэ үнэ цэнийг мөнгөөр тодорхойлж чадахгүй байна. Тиймээс хайрлаж, гамнаж хэрэглэж байгаагаар нь үнэ цэн ач холбогдлыг цэгнэж, дүгнэж болох юм.
Усыг их ашигладаг гэж барьцаж, адалдаг уул уурхайн салбар усыг хайрлах, гамнаж буй нь ирээдүйн эздэд хүндэтгэлтэй хандаж буй нэг илрэл нь юм.
Бичсэн: У.Түвшинбаяр