“Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрт амьдардаг 20 эрэгтэй сурагчийн нурууны ар хэсэгт гаднын нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн байна. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10-р ангийн 5 бүлгийн 159 сурагчид хийжээ. Энэ талаар сургуулийн эмч нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нарт мэдэгдсэнээр 3 дугаар сургуулийн захиргаанаас “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрын Ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргаад байна.
Энэ асуудлаар өнөөдөр тус сургуулийн анги удирдсан багш хүүхэд хамгааллын 108 тоот утсанд мэдэгдсэнээр Сүхбаатар аймгийн ГБХЗГ-т кэйс үүсэж, асуудлын мөрөөр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дээрх 20 сурагчийг Дотуур байрын эрэгтэй суралцагчдыг хариуцсан багш Б нь байрандаа бохир заваан суулаа, мөн байрын эмчээс “гахай” /бохир суусан тасагт өгдөг үнэлгээ. Дотуур байрын захирлын хэлснээр/ авч багшдаа шийтгүүлсэн гэх мэдээллийг өгсөн байна. Хүүхдүүд хичээл дээрээ унтах, хаалттай болох, дуугаа хураах гэх мэт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тул Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10… бүлгийн анги удирдсан багш нь Нийгмийн ажилтантай хамтран эмчийн үзлэгт оруулж, сурагчидтай ганцаарчлан ярилцсанаар зарим сурагчид бие махбод, сэтгэл санааны дарамтад өртсөнийг нотолсон тухайгаа “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрын Ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдөлдөө дурджээ.
Дээрх хүүхдүүдтэй уулзахад зарим нь айж эмээж, асуудлаа нуусан байдалтай байгаа нь дарамтад өртдөг байж магадгүй хэмээн сургуулийн зүгээс мэдэгдлээ. Уг асуудал дээр ажиллах Сүхбаатар аймгийн БШУГ, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын 3-р сургууль зэрэг байгууллагуудаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна хэмээн албаны хүн хэллээ.
Энэ талаар бид “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрын захирал Д.Бямбажаваас тодруулахад: Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиргаа, хүүхдүүдээс уучлалт хүсье. Манай байранд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Харин асуудлыг илрүүлж, бидэнд мэдэгдсэн 3 дугаар сургуулийн захиргаанд талархал илэрхийлье. Ийм асуудал хэзээнээс эхэлж гарсныг тодруулахаар ажиллаж байгаа гэлээ. Дотуур байрны эрэгтэй хүүхэд хариуцсан багш Б тэднийг мяндсан олсоор ороолгосноо хүлээн зөвшөөрч, хүүхдүүд болон аав, ээжээс нь уучлал хүсээд, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна. Ахлах ангийн зарим хүүхдүүд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх явдал ч “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрт гардгийг эрхлэгч нь хэлсэн юм. Дээрх асуудалтай холбогдуулан Дотуур байрын захиргаанаас байранд амьдардаг бүх хүүхдээс бичгээр санал хүсэлт авч танилцаж байгаа ажээ. Мөн дээрх 20 хүүхдийн ээж, аавын төлөөллийг байлцуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр болсноо “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрын захирал Д.Бямбажав хэлсэн юм. “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрт энэ жил 214 хүүхэд байгаагаас 80 гаруй нь эрэгтэй хүүхдүүд байна.